ЭНЕРЖИ РЕСУРС ХХК УСНЫ МЕНЕЖМЕНТИЙН САЙН ДУРЫН КОДЕКСТ НЭГДЛЭЭ

Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)-иас боловсруулсан Усны менежментийн сайн дурын кодекст Энержи Ресурс компани нэгдэн орлоо. Кодекст нэгдэж, гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 2016 оны 2-р сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод болсон бөгөөд арга хэмжээнд тус компаниас гадна Эрдэнэс Монгол, Оюутолгой, Саус гоби сэндс, Терра Энержи зэрэг компанийн төлөөлөгчид оролцсон юм.

 

Сайн дурын кодексийн гол зорилго нь говийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын усны ашиглалт, менежмент, тайлагналын нэгдсэн стандартыг бий болгож, уул уурхайн хариуцлагатай үйл ажиллагааг төлөвшүүлэхэд оршиж байгаа. Мөн усны асуудлаар компаниуд, орон нутгийн удирдлага, иргэдийн хооронд нээлттэй, ил тод харилцааг бий болгох, тэдний хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих гээд олон талын ач холбогдолтой юм. Гол нь кодекст нэгдсэн компаниуд усны хэрэглээ, менежменттэй холбоотой Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжуудыг чанд мөрдөж, олон улсын жишиг стандартуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох үүргийг хүлээн, энэ чиглэлд холбогдох бүхий л талуудтай идэвхтэй хамтран ажиллахаа сайн дураар илэрхийлж байгаа онцлогтой.  

 

Энержи Ресурс компанийн хувьд усны менежмент, усны дахин ашиглалтын чиглэлд салбартаа жишигт тооцогддог бөгөөд усаар хомс говь нутгийн онцлогийг харгалзсан, Монголд анхдагч олон технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Тухайлбал, нүүрс баяжуулах үйлдвэрийнхээ дэргэд хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэр байгуулснаар усны дахин ашиглалтыг 95 орчим хувьд хүргэсэн. Мөн усыг маш бага түвшинд ашигладаг агаарын хөргөлтийн технологи бүхий цахилгаан станцыг барьж байгуулсан. Кодексийг боловсруулах бүхий л үе шатанд компанийн зүгээс идэвхтэй оролцож, бусад компаниудтай туршлагаасаа хуваалцсан юм.

 

мэдээ рүү буцах