Цогтцэцийн багачууд баяраа тэмдэглэлээ

Цогтцэцийсуманд 6-р сарын 1 буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хөөр хөгжөөн, инээд баясал дүүрэн болж өнгөрлөө. Ухаа худагийн уурхайчин залуус энэ өдөр “Энержи Ресурсын багачууд” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан бөгөөд хүүхдүүдэд зориулсан олон төрлийн сонирхолтой уралдаан тэмцээн, урлагийн тоглолтоор бэлэг барьжээ. Баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт 400 орчим хүүхэд багачуудад компанийн ажиллагсдын зүгээс “Минионы адал явдал” жүжигчилсэн тоглолтоо сонирхуулснаас гадна сагсан бөмбөг, холын зайн гүйлт, зураг эвлүүлэх зэрэг уралдаанаар тэдний хурд самбаа, ур чадварыг сорьж, шалгарсан багачуудад шагнал гардуулжээ. Сумын “Мөрөөдөл” сургуулийн сурагчид урлагийн тоглолт сонирхуулсан нь энэ өдрийн бас нэгэн онцлог арга хэмжээ болсон байна. Мөн тус сумын тэргүүний сурагчид болон эмзэг бүлгийн хүүхдүүдэд компаниас гарын бэлэг гардуулж, “Хас” кинотеатртай хамтран нийт 110 хүүхдэд үнэ төлбөргүйгээр кино үзүүлсэн байна.  Цогтцэций суманд Хүүхдийн баярын арга хэмжээ жилээс жилд улам сонирхолтой, өргөн хүрээг хамран зохион байгуулагдаж байгаа юм. 

 

 

 

мэдээ рүү буцах