БАЯЖУУЛСАН КОКСЖИХ НҮҮРСИЙГ ДАЛАЙН ЧАНАДЫН ЗАХ ЗЭЭЛД ХҮРГЭНЭ

2016 оны 10-р сарын 13-нд Монголын коксжих нүүрсийг гуравдагч зах зээлд хүргэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт Японы Сумитомо корпораци, Монголын Энержи Ресурс ХХК нар гарын үсэг зурлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон улсад хийж буй айлчлалын хүрээнд энэ санамж бичиг зурагдсанаар Монголын Тавантолгойн нүүрс Япон, Солонгос гэх мэт далайн чанадын гуравдагч зах зээлд хүрэх боломжууд нээгдэж байгаа юм.

Санамж бичгийн хүрээнд Тавантолгойгоос олборлож, тодорхой стандарт шалгуурын дагуу баяжуулсан коксжих нүүрсийг БНХАУ-ын нутгаар дамжуулан, далайн чанадын зах зээлүүдэд эхний ээлжинд туршилтын журмаар хүргэнэ. Мөн Монгол нүүрсийг гуравдагч зах зээлд урт хугацаанд нийлүүлэх, экспортын тогтвортой хамтын ажиллагааг бий болгох гол зорилтын төлөө ажиллах юм.

Сумитомо группын төлөөлөгч ноён Фуживара ёслолын үеэр хэлэхдээ “Япон улс Монголоос нүүрс импортлох хэрэгцээ, сонирхол бий. Гэхдээ урт хугацааны, тогтвортой экспорт хийхийн тулд Хятадын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн нөхцлийг юун түрүүн бодитой болгох ёстой” гэж онцолсон. Энержи Ресурс компани өмнө нь ч баяжуулсан коксжих нүүрсийг Энэтхэг, Япон, Герман зэрэг гуравдагч зах зээлд нийлүүлэх туршилтын ачилтуудыг хийж гүйцэтгэж байсан юм.

 

 

 

мэдээ рүү буцах