Ухаа худаг уурхайн олборлолт 40 сая тонн хүрэв

 

2016 оны 11-р сарын 6-ны өдөр Ухаа худаг цогцолбор дахь Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэр 40 сая дахь тонн нүүрсээ хүлээн авсан түүхэн мөч тохиолоо. Ингэснээр Ухаа худаг уурхай нүүрс олборлолт ба боловсруулалтын хэмжээ, далайцаар Монгол Улсын уул уурхайн салбарын түүхэнд шинэ амжилтыг тогтоож байгаа юм. Ухаа Худаг уурхай үйл ажиллагаагаа 2009 онд эхлүүлсэн бөгөөд өнөөг хүртэлх нийт 7 жилийн хугацаанд ийнхүү олборлолтын хэмжээг 40 сая тоннд хүргээд байна. Тус уурхайн цогцолборын хүрээнд Монголдоо төдийгүй бүс нутагт анхдагч Нүүрс баяжуулах үйлдвэр 2011 онд баригдаж, 2013 онд нийт 3 модуль бүрэн ашиглалтанд орсон бөгөөд жилд 15 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтайгаар ажиллаж байна. Энэ утгаараа Энержи Ресурс ХХК нь улсын хэмжээнд нүүрсийг түүхийгээр нь бус баяжуулж, боловсруулан экспортолдог цорын ганц аж ахуйн нэгж юм. Мөн олон улсад танигдсан, бүтээмж өндөртэй, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг ашигладаг нь уурхайн амжилтын бас нэгэн үндэс болдог.

 

Манай улсын хэмжээнд хамгийн их нүүрс олборлосон уурхайгаар Багануурын уурхай бичигддэг бөгөөд нийт 38 жилийн хугацаанд 100 сая тонн нүүрс олборлосон байдаг. Харин Шарын голын уурхай 51 жилийн хугацаанд 58 орчим сая тонн нүүрс олборлосон байдаг аж. 

 

 

мэдээ рүү буцах