Ажиллагсад

Тогтвортой хөгжил

Мэргэжлийн, чадварлаг боловсон хүчнийг тохирох ажлын байраар хангаж, тэднийг тасралтгүй хөгжүүлж, хамтран ажиллах нь компанийн урт хугацааны амжилтын гол үндэс юм. Иймээс Энержи Ресурс компани нь ажиллагсдаа үнэт зүйл хэмээн дээдэлж, тэдний эрүүл, аюулгүй ажлын орчин нөхцлийг бүрдүүлж, ур чадварыг нь хөгжүүлэхийг нэн түрүүний зорилго болгодог. Тус компани нь ажиллагсдын эрхийг дээдэлж, ижил тэгш боломжоор хангахаас гадна тэднийг сонгон шалгаруулахдаа мэргэжил, ур чадварын түвшинг эн тэргүүнд харгалзан үздэг. Мөн орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах чиглэлд онцгой анхаарал хандуулдаг.

2016 оны эцсийн байдлаар тус компани нийт 1,442 үндсэн ажиллагсадтайгаас  63 хувийг орон нутгийн иргэд, тодруулбал Өмнөговь аймгийн Цогтцэций, Даланзадгад, Манлай, Баян-Овоо, Цогт-Овоо сумын иргэд зонхилон бүрдүүлж байна.

Ажилтнуудаа орон нутагт гэр бүлээр нь, тав тухтай шилжүүлэн суурьшуулах бодлогын хүрээнд Цогтцэций суманд орчин үеийн “Цэций” орон сууцны хороолол, “Уурхайчин” жишиг гэр хороолол, “Зузаахай” цэцэрлэг болон 700 хүүхдийн багтаамжтай “Мөрөөдөл” сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барьж байгуулан ашиглалтанд оруулсан. Ингэснээр компанийн ажиллагсад ар гэрийн нөхцөл, үр хүүхдийнхээ боловсролд санаа зовох зүйлгүйгээр ажлын бүтээмжээ нэмэгдүүлэн ажиллах боломж бүрдсэн.

Нийт ажилтнууддаа орон сууц худалдан авахад нь банкны хөнгөлөлттэй зээл олгох, даатгал, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, гэр бүлээрээ суурьшиж буй ажилтнуудын ар гэрийг ажилд ороход нь дэмжлэг үзүүлэх, мөн ажиллагсдын хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдэх зэргээр ажиллагсдын нийгмийн асуудалд нэн тэргүүнд анхаарал хандуулсаар ирсэн.

Уурхайн ажиллагсдын ажиллаж, амрах тав тухтай нөхцлийг бүрэн хангасан “Галерей” төв кэмп нь нийт 650 хүний багтаамжтай бөгөөд утасгүй интернет, эмнэлэг, гоо сайхны салон, бялдаржуулах танхим, кофе шоп, номын сан гээд хүнд хэрэгцээтэй бүхий л төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн онцлогтой.

Мөн тус компани байгуулагдсан цагаасаа хойш мэргэжилгүй иргэдийг уул уурхайн чиглэлээр мэргэшүүлж, ажлын байраар хангах, ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг сайжруулах чиглэлд онцгой анхаарч ирсэн. Тухайлбал, 2009 оноос хойш давхардсан тоогоор нийт 5,000  гаруй хүнийг мэргэжлийн болон дадлагажуулах сургалтанд хамруулж, бэлтгэсэн байна.