Байгаль орчин

Тогтвортой хөгжил

Энержи Ресурс компани нь байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх ажилд нэн тэргүүний ач холбогдол өгч, байгаль орчны чиглэлийн холбогдох бүхий л хууль, стандартуудыг мөрдөж, байгаль орчинд учирч болзошгүй нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч ажилладаг.

Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын шаардлагад нийцүүлсэн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг Ухаа худаг төсөл эхлэхээс өмнө хийж гүйцэтгэн, төслөөс үүдэлтэй байгаль орчинд учирч болохуйц сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг боловсруулсан.

Үүний дагуу Ухаа худаг уурхайн үйл ажиллагаанд хог хаягдал, ус, тоосжилт, хөрсний элэгдэл эвдрэл, нөхөн сэргээлт зэрэг чиглэлүүдээр төрөлжсөн менежментийн төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлж ажилладаг.

 

 

2012 оноос эхлэн олон улсын ISO 14001:2004 стандартыг нэвтрүүлж, улмаар Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (БОХАБЭА)-н удирдлагын нэгдсэн тогтолцоог бий болгон ажиллаж байна. Энэхүү удирдлагын тогтолцоо нь Энержи Ресурс компанийн хэрэгжүүлж буй бүх төсөл, үйл ажиллагаанд хүчин төгөлдөр мөрдөгддөг.

Ирээдүйд уурхайн биологийн нөхөн сэргээлтэнд ашиглах мод, бут сөөг, нутгийн болон олон наст ургамлыг туршилтын журмаар ургуулах, тухайн бүс нутагт зохицсон ургамлыг сонгон шалгаруулж, улмаар үржүүлгийн нөхөн сэргээлт болон орчны тохижилт, ойн зурвас байгуулахад ашиглах зорилгоор Ухаа худагт нөхөн сэргээлтийн туршилтын талбайг байгуулсан. Одоогоор уг туршилтын талбайд хайлаас, жигд, сухай, улиас, нарс, гацуур, монос, чацаргана, бургас, заг зэрэг 22 төрлийн 26,000 орчим мод сөөг, бутлаг ургамлууд болон хялгана, өлөнгө, хиаг, ерхөг зэрэг олон наст ургамлуудыг ургуулж байна. Мөн цөлжилтийг бууруулж, хөрсний доройтолтой тэмцэх үүднээс Цогтцэций суманд нийт 15 га талбайд ойн зурвас байгуулсан нь 4 жилийн хугацаанд 5 төрлийн 12,000 мод, сөөгтэй томоохон төгөл болоод байна. Ойн зурвасын дунд усжуулах системтэй тусгай талбай гаргаж, нутгийн иргэдийг төмс, хүнсний ногоо тариалах боломжоор хангадаг. Өнөөдөр нутгийн иргэд уг талбайд хүнсний ногоо тогтмол тариалах болсноор барахгүй жил бүрийн намар ургацын баяр тэмдэглэдэг уламжлал тогтсон.

Энержи Ресурс компани нь олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулдаг үндэсний уул уурхайн компани гэдэг утгаараа хариуцлагатай уул уурхай, тэр дундаа усны менежментийн асуудалд онцгой анхаарал хандуулдаг. Ялангуяа цэвэр усаар хомс говь нутгийн байгалийн онцлогийг дээд зэргээр харгалзан үзэж, усны зохистой хэрэглээг чухалчилдаг.

Тухайлбал, уурхайн цогцолборын хэмжээнд үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний ус хангамжийн ухаалаг, дэвшилтэт системийг нэвтрүүлэн ажилласнаар уурхайн нийт төслүүдийн усны хэрэгцээг хангадаг.

Мөн Нүүрс баяжуулах үйлдвэрийн дэргэд Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэрийг байгуулж, үйлдвэрээс гарч байгаа нүүрсний лаг хаягдлаас усыг шавхан,  дахин ашигладаг тул үйлдвэрийн усны дахин ашиглалтыг 98 хувьд хүргэсэн. Түүнчлэн цахилгаан станцдаа тусгайлан агаарын хөргөлтийн технологи суурилуулсан учраас Монгол дахь бусад цахилгаан станцуудтай харьцуулахад усыг 4-5 дахин хэмнэдэг. 

Энержи Ресурс компани байгаль орчны чиглэлийн үйл ажиллагаануудаараа салбарын хэмжээнд жишигт тооцогддог учраас менежмент, үйл ажиллагааны туршлагаасаа салбарын бусад компаниудтай хуваалцаж, мэдээлэл түгээхийг эрмэлздэг. Тухайлбал, Олон улсын санхүүгийн корпорациас санаачлан хэрэгжүүлж буй “Усны менежментийн сайн дурын кодекс”–т нэгдэн орсноор усны менежментийн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлынхаа тайлан, мэдээллийг тогтмол хүргүүлж, туршлага хуваалцаж байна.