ГОВИЙН БҮСИЙН НЯРАЙН ТАСГУУДЫГ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАХ 370 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨЛ ЭХЛҮҮЛЛЭЭ

2018-12-04

Ухаа Худаг уурхайн 10 жилийн ойгоор Энержи Ресурс компани нийгэм рүү чиглэсэн ээлжит нэгэн төслийг Эрүүл үрс, гэрэлт ирээдүй ТББ-тай хамтран эхлүүллээ. Тухайлбал, говийн бүсийн аймгуудын хүүхдийн эрчимт эмчилгээний тасгуудыг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад зориулж 370 сая төгрөгийг хандивлаад байна.

Төслийн хүрээнд Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгуудын хүүхдийн тасгууд нярайн шарлагын аппарат, инкубатор, дуслын аппарат, билиметр гэх мэт нэн шаардлагатай, олдоц, хүрэлцээ муутай байдаг тоног төхөөрөмжүүдээр хангагдана. Бид 10 жилийн ойгоороо нийгэмд, ард иргэдэд бодит өгөөжөө өгөх ажлуудыг хийхээр зорьж ажилласан. 2018 онд бид энэ төсөлтэй нийлээд нийт 1 тэрбум гаруй төгрөгийг Монголынхоо ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсролд зориуллаа.

Энержи Ресурс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл: "Өнөөдөр Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй ТББ-тай хамтарч ажиллахаар хандивыг гардуулж өглөө. Тус ТББ-аас говийн бүсийн аймаг, сумдын эмнэлгийн Нярайн болон хүүхдийн тасгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийг хэрэгжүүлж, манай компани санхүүжүүлэхээр тогтсон. Нийт 370 сая төгрөгийн тусламж үзүүллээ. Бид Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй ТББ-ын залуучуудыг сэтгэлээрээ олон жил зүтгэснийг нь үнэлж, цаашид төслийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байгаа учраас хамтран ажиллахаар болсон юм. 2018 он манай компанийн хувьд их онцлогтой жил болж байна. Ухаа худаг төслийг монгол залуучууд гардан хэрэгжүүлсний 10 дахь жилээ тэмдэглэж байна. Ойн арга хэмжээний хүрээнд нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудад анхаарч ажиллахаар шийдсэн".

Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Бат-Энх: "Төслийн хүрээнд говийн бүсийн Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудын Нэгдсэн Эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасгуудыг тус бүр 10 гаруй тооны чухал шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах юм. Үүнд нярайн инкубатор, шарлагын аппарат, дуслын аппарат, билиметр (шарлалтыг хэмжихэд нярайг зүү тариураар хатгах шаардлагагүйгээр, шууд хэмжилт хийдэг төхөөрөмж) гэх мэт төсвөөс хангадаггүй, олдоцгүй, олдсон ч хүрэлцээ муутай тоног төхөөрөмжүүд багтана. Эхний ээлжинд Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн нярайн тасагт төхөөрөмжүүдийг хүргэж өгнө. Цаашид нийт дөрвөн аймагт 2019 оны хавар хүртэл үргэлжлэн ажиллана".

Монголын үрс маш олон болтугай! 

Бусад мэдээ

2018-12-11
“Усны менежментийн бүтээлч технологи"-ийн шагнал хүртлээ Олон улсын санхүүгийн корпорациас  Энержи Ресурс ХХК-д "УСНЫ МЕНЕЖМЕНТИЙН БҮТЭЭЛЧ ТЕХНОЛОГИ"... Дэлгэрэнгүй
2018-11-16
Энержи Ресурс ХХК "Үндэсний Чанарын шагнал"-ын эзнээр тодорлоо Монгол Улсын Засгийн газар, Стандартчилал хэмжил зүйн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхи... Дэлгэрэнгүй