Компанийн нийгмийн хариуцлагын бодлого

Тогтвортой хөгжил

Энержи Ресурс компани 2005 онд байгуулагдсан цагаасаа хойш оролцогч талуудтай  нягт хамтран ажиллах замаар нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, улс орны болон орон нутгийн тогтвортой хөгжилд бодит хувь нэмрээ оруулж ирсэн.

Бид компанийн нийгмийн хариуцлага (КНХ) гэх ойлголтыг нэг удаагийн хандив, тусламж эсхүл богино хугацааны төсөл, хөтөлбөрүүд гэх мэт хязгаарлагдмал хүрээнд авч үздэггүй. Харин олон улсын болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудын хүрээнд хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг хэрэгжүүлж, нийгмийн сайн сайхан, улс орны эдийн засгийн хөгжилд урт хугацааны, бодитой хувь нэмэр оруулж,  тогтвортой хөгжлийн бат бэх суурь бий болгохыг зорьдог.

Энэ утгаараа Олон Улсын Стандартын Байгууллагаас 2010 онд гаргасан “ISO26000: Нийгмийн хариуцлагын зөвлөмж” болон Олон Улсын Санхүүгийн Корпораци, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк зэрэг байгууллагуудаас гаргасан удирдамжуудад үндэслэн КНХ-ын бодлогоо боловсруулж, үйл ажиллагаандаа тусгаж ирсэн. Энэхүү бодлогод дараах үндсэн чиглэлүүдийг тусгасан.  Үүнд:

  • Хүний эрх, эрх чөлөө
  • Хөдөлмөрийн харилцаа
  • Байгаль орчин
  • Бизнесийн шударга харилцаа
  • Орон нутгийн оролцоо ба хөгжил

Өнөөдөр Энержи Ресурс ХХК нь уул уурхайн салбарын хэмжээнд нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч шилдэг компанийн нэгээр нэрлэгдэж, оролцогч талуудынхаа итгэлийг хүлээн, нийгмийн зөвшөөрлөө зүй ёсоор ханган ажиллаж байна.