Уухай түрлэгийн аялгуутай Ухаа худаг наадам сайхан болж өнгөрлөө

2017-08-09

Говь шанхын нутагт нар хур тэгшрэх цагаар уламжлал болон  зохиогддог Ухаа Худагийн наадам  өргөн дэлгэр, өнгөтэй сайхан болж өнгөрлөө. Энержи Ресурс ХХК-иас Өмнөговь аймгийн Цогтцэций суманд тавдахь удаагаа зохион байгуулагдаж буй уг наадам Ухаа Худагийн бүтээн байгуулалт, түүнийг дагасан их ажил үйлсийн баяр  болоод зогсохгүй нутгийн олон түмний хамтаар уул ус, газар орондоо мялаалга өргөж, төрт ёсны уламжлалаа сэргээх сайхан боломжийг олгодог арга хэмжээ билээ.
8-р сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Ухаа Худаг 2017” наадамд нутаг нутгийн хүчит бөхчүүд, алдарт уяачид, эрхий мэргэн харваачид ирж өрсөлдлөө.  Хүчит бөхийн барилдаанд нийт 64 бөх зодоглосноос улсын начин Б.Ганхуяг түрүүлж, улсын начин Ж.Гантулга үзүүрлэсэн бол сурын харвааны тэмцээнд улс, аймгийн цолтой нийт 70  гаруй мэргэн харваач өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн 1-р байранд МУ-ын спортын мастер, аймгийн мэргэн  Б.Лхагвадорж,  эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн төрөлд МУ-ын мэргэн Д.Норжмаа нар тус тус тэргүүллээ. Хурдан морины уралдаанд нийт 5 насны 208 шандаст хурдан хүлэг тоосоо өргөснөөс их насны ангилалд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Н.Бямбацогтын хонгор, зээрд 2 морь түрүү болон аман хүзүүнд дараалан ирж уясан эзнээ баясгалаа.  Дааганы уралдаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Н.Амгалангийн хөөрхөн зээрд даага түрүүлж, Дундговь аймгийн Хулд сумын уяач Д.Бат-Эрдэнийн цагаан даага аман  хүзүүдсэн бол соёолон насанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уяач н.Санжаагийн хар соёолон түрүүлж, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уяач Э.Цэвээнравдангийн бор соёолон аман хүзүүджээ.  Харин хязаалан насны ангилалд  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Н.Бямбацогтын Өсгийцагаан зээрд хязаалан түрүүлж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Б.Жамъянжавын саарал хязаалан аман хүзүүдсэн бол  шүдлэн насанд Дундговь аймгийн Хулд сумын уяач Б. Лхагва-Очирын хүрэн шүдлэн түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач н.Сумъяасүрэнгийн цагаан шүдлэн аман хүзүүдэж наадамчин олныг баясгасан юм. 
Ухаа Худаг наадмын арга хэмжээнд Цэций жонон морин хуурын хамтлаг, Ханхонгор сумын урлагийн сургуулийн сурагчид, аймгийн ХЖТ-ын уран бүтээлчид гээд нутгийн олон авьяастан оролцож, түүх, соёлын баялаг уламжлалтай говь нутгийнхаа өв соёлыг сурталчлан таниуллаа.  Наадамчин олны дундаас иж бүрэн үндэсний  дээл хувцсаараа гоёсон сайхан хос шалгаруулж шагнан урамшуулсаар ирсэн нь монгол түмний эртний сайхан уламжлалыг сэргээх зорилготой бөгөөд өдгөө Ухаа Худаг наадмын сонирхолтой нэгэн тодотгол болж чадсан. Тэрчлэн наадмын нээлт болон уламжлал болон зохиогддог үдшийн шоу цэнгүүнд МУСТА  дуучин А.Түмэн-Өлзий, Э.Чулуунчимэг, жүжигчин Л.Сөрөлт, 3 охин хамтлаг зэрэг шилдэг, залуу уран бүтээлчид  ая дуугаа өргөсөн нь баяр дээр баяр нэмж, хурсан олныг цэнгүүллээ. 

Бусад мэдээ

2018-12-11
“Усны менежментийн бүтээлч технологи"-ийн шагнал хүртлээ Олон улсын санхүүгийн корпорациас  Энержи Ресурс ХХК-д "УСНЫ МЕНЕЖМЕНТИЙН БҮТЭЭЛЧ ТЕХНОЛОГИ"... Дэлгэрэнгүй
2018-12-04
ГОВИЙН БҮСИЙН НЯРАЙН ТАСГУУДЫГ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАХ 370 САЯ ТӨГРӨГИ... Энержи Ресурс ХХК, Эрүүл үрс, гэрэлт ирээдүй ТББ-тай хамтран говийн бүсийн аймгуудын хүүхдийн эрчимт э... Дэлгэрэнгүй
2018-11-16
Энержи Ресурс ХХК "Үндэсний Чанарын шагнал"-ын эзнээр тодорлоо Монгол Улсын Засгийн газар, Стандартчилал хэмжил зүйн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхи... Дэлгэрэнгүй