Уурхай

Үйл ажиллагаа

Энержи Ресурс ХХК нь Улаанбаатар хотоос 560 км-т, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлалтай Ухаа худагийн нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нүүрсний ил олборлолтын аргыг ашигладаг. Тус уурхайн үйл ажиллагаа 2009 онд эхэлсэн.

Ухаа худаг уурхай нь 2012 онд Эрдэс баялгийн үндэсний зөвлөлөөс баталсан ТЭЗҮ-ийн тодотголын дагуу жилд 15 сая хүртэлх тонн нүүрс олборлох хүчин чадалтай. Уурхайн хайгуул, олборлолт, урт, богино хугацааны төлөвлөлт гэх зэрэг бүхий л үйл ажиллагаа дотоодын болон олон улсын стандартад нийцсэн, өндөр түвшинд явагдаж байна. Үйл ажиллагааны далайцтай өргөжилтийн хажуугаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлогод компанийн зүгээс онцгой анхаарал хандуулдаг бөгөөд 1,000,000 цаг ажиллахад гарсан хөдөлмөрийн чадвар түр алдалт /LTIFR/ зэрэг үзүүлэлтүүд нь олон улсын дунджаас ч доогуур түвшинд байна.

Ухаа худаг уурхай нь жилдээ 15,000 орчим дээжид бүрэн шинжилгээ хийх орчин үеийн багаж төхөөрөмжөөр тоноглогдсон лаборатори, мэргэжлийн, чадварлаг боловсон хүчний бааз суурьтай бөгөөд олборлосон нүүрсийг үндэсний ба олон улсын стандартын дагуу техникийн, элементийн ба коксжих чанарын үзүүлэлтүүдээр шинжилдэг. Мөн тус уурхайд хүнд машин механизмд засвар үйлчилгээ үзүүлэх орчин үеийн засварын төв, ажиллагсдын нэгдсэн офис, уурхайн оператор бэлтгэх симулятор сургалтын төв зэрэг шаардлагатай бүхий л дэд бүтцүүд төвлөрөн байрладаг.

Үйл ажиллагаа эхэлснээс хойш өнөөг хүртэлх хугацаанд Ухаа худаг уурхай нь давхардсан тоогоор нийт 4,000 орчим монгол залуусыг мэргэжлийн болон дадлагажуулах сургалтанд хамруулж бэлтгэсэн байна.

Уурхайн үндсэн үйл ажиллагаа буюу хөрс хуулалт, нүүрс олборлолт, мэргэжлийн ажиллагсдын сургалт, дадлагажуулалт зэрэг чиглэлд Энержи Ресурс ХХК Австралийн дэлхийд алдартай Лейтон Ази компанийг гүйцэтгэгчээр ажиллуулдаг. Уул уурхайн дэлхийн түвшний үйл ажиллагааг Монголд нутагшуулж, дэд бүтцийн цогц шийдлийг бий болгосноор Ухаа худаг цогцолбор нь дотоодын уул уурхай, аж үйлдвэрийн салбарын хөгжилд шинэ шат ахиулсаар байна.