Хөдөлмөрийн аюулгүй байдал

Тогтвортой хөгжил

Уул уурхайн салбарын хувьд хөдөлмөрийн аюулгүй байдал (ХАБ) нэн чухалд тооцогддог. Энэ ч утгаараа тус компани Ухаа худаг уурхайн үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд ажиллагсад, гэрээт гүйцэтгэгч болон олон нийт, орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны шаардлагад нэн тэргүүний ач холбогдол өгч, эрүүл, аюулгүй ажлын орчныг бүрдүүлэн, “Аюулгүй эхэлж, аюулгүй дуусгая” уриаг эрхэмлэн ажиллаж ирсэн.

Энержи Ресурс компанийн  ХАБ-ын нэгж нь Ухаа худаг төслийн хүрээнд Хөдөлмөрийн  аюулгүй байдал, эрүүл  ахуйн  удирдлагын тогтолцоо OHSAS 18001: 2007-г нэвтрүүлэн ажилладаг. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин, эрүүл ахуйн нэгдсэн бодлогын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Энэхүү бодлого нь дан ганц Энержи Ресурс компани төдийгүй нийт салбар ба охин компаниуд, гэрээт гүйцэтгэгчид, ханган нийлүүлэгчдийн хүрээнд мөрдөгддөг. Энэ дагуу компани ХАБ-ын стандарт шаардлагуудыг өндөр түвшинд хангаж ажилладаг учраас төслийн хэмжээнд осол, аваар, гэмтлийн давтамжийн түвшин олон улсын дунджаас ч доогуур үзүүлэлттэй гарч ирсэн.

ХАБ-ын хүрээнд ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийх, хөдөлмөрийн нөхцлийг тодорхойлох, нийт ажиллагсдад сургалт зохион байгуулах, ажлын байрны үзлэг хийх, зөрчлийг арилгуулах, ослын судалгаа хийх гэх мэт ажлууд компанийн хэмжээнд тогтмол явагддаг.  Тухайлбал 2016  онд ажлын байрны аюулгүйн үзлэгийг нийт 198 удаа зохион байгуулжээ.  Мөн ажиллагсдад зориулсан ХАБ, аюулгүй ажиллагаа, осол, эрсдлийн менежмент, анхны тусламжийн сургалт, зааварчилгаанууд тогтмол хийгдэж байна.

Ухаа худаг уурхайд яаралтай тусламжийн 24 цагийн нэгж, ХАБ-ын ба аврах баг ажилладаг. Мөн бүх алба, нэгжийн дэргэд онцгой байдлын үед ажиллах орон тооны бус дэмжих баг ажилладаг нь ХАБ-ын шаардлагуудыг тогтмол хангаж, эрсдлийг бууруулахад чухал үүрэгтэй байдаг.