Төслүүд

Нүүрс баяжуулах үйлдвэр

Ухаа Худаг цогцолборын хүрээнд Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэр (НБҮ) баригдан, үйл ажиллагаа явуулж байна. Тус бүр жилд 5 сая тонн нүүрс угааж, баяжуулах хүчин чадалтай 3 модульд суурилсан НБҮ-ийн I модуль 2011 оны 6-р сард, II  модуль 2012 оны 2-р сард, III модуль 2013 оны 6-р сард тус тус ашиглалтад орсон.

 

НБҮ нь 8-10%-ийн үнсжилттэй экспортын коксжих нүүрсний баяжмал ба эрчим хүчний нүүрс үйлдвэрлэдэг бөгөөд боловсруулах үйлдвэрлэлийн технологиор дэлхийд тэргүүлэгч, Австралийн Сежмен компанийн зураг төсөл, дизайны шийдэлд суурилсан. Баяжуулж, боловсруулснаар монгол нүүрсний гадаад зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэж, эдийн засгийн үр ашигтай, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн экпортлох боломж бүрдэж байна.

 

Тус үйлдвэр нь бүрэн хүчин чадалдаа хүрснээр нийт 150 гаруй ажлын байрыг бий болгосон бөгөөд технологийн дэвшилтэт шийдэл нь Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээнд анхдагчид тооцогддог. Тухайлбал усыг 98 хувь хүртэл дахин ашиглах орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн нь усаар хомс говь нутгийн онцлогт нэн тохиромжтой шийдэл юм. 2013 оны 10-р сард тус үйлдвэрийн дэргэд Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэрийг шинээр барьж, ашиглалтад оруулснаар үйлдвэрээс гарах хаягдал лагийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нарийн технологиор боловсруулж, усыг шавхан, улмаар үйлдвэрлэлд дахин ашиглах усны хэмжээг өмнөхөөс 60-70% нэмэгдүүлсэн.