Компанийн нийгмийн хариуцлага

Соёлын өвийн хамгаалал

Монголын төдийгүй хүн төрөлхтний хөгжлийн давтагдашгүй өв түүхийг хадгалж байдаг Өмнөговь аймгийн хувьд соёлын биет ба биет бус өвийн асуудал чухлаар тавигддаг. Энэ утгаараа Энержи Ресурс ХХК нь орон нутгийн соёлын биет ба биет бус өвийн хадгалалт, хамгаалалт, түгээн дэлгэрүүлэлтийн ажилд өөрийн хувь нэмрийг оруулахад онцгой ач холбогдол өгч байна.

 

Тухайлбал Ухаа Худаг уурхай болон түүнийг дагалдах бүтээн байгуулалтын ойр орчим дахь соёлын өв бүхий талбайг илрүүлж хамгаалах зорилгоор Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Археологийн Хүрээлэнтэй хамтарсан археологийн судалгааг барилгын ажил эхлэхээс өмнө гүйцэтгэхэд уурхайн лиценз бүхий талбай болон ойр орчмын нутаг дэвсгэрт соёлын өв бүхий талбай илрээгүй. Харин уурхайн талбайгаас археологийн олдвор бүхий газрууд илэрсэн учир малтлага явуулж хамгаалалтанд авсан. Мөн үйл ажиллагаа явуулж буй газрууд болон нөлөөллийн бүсүүд дэх соёлын биет ба биет бус өвийг судлах, хамгаалалтанд авах, эвдэрч сүйдэхээс сэргийлэх чиглэлд мэргэжлийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна.

 

Уурхайн олборлолтын явцад археологи, палеонтологи, соёлын олдвор олдсон тохиолдолд авах авран хамгаалалт

Уурхайн олборлолтын явцад археологи, палеонтологи, соёлын олдвор олдсон эсвэл олдох магадлалтай тохиолдолд ажлыг бүрэн зогсоож, археологийн хайгуулыг эхлүүлэх шаардлагатай. Үүний тулд Энержи Ресурс ХХК нь олдворыг тодорхойлох болон аюулгүй байдлыг хангаж, ажлыг зогсоох дадлын талаар уурхайн бүх ээлжийн мастеруудад зааварчилгаа өгдөг. Уурхайн талбай болон холбогдох бусад газруудад олдвор олдсон нь батлагдсан тохиолдолд компанийн байгаль орчин, эрүүл ахуй, аюулгүй байдал хариуцсан менежерт даруй мэдэгдэж улмаар Археологийн институтэд мэдээлэл хүргэдэг. Үүний дагуу Улсын мэргэжлийн хяналтын газрын төлөөлөл археологийн олдвор бүхий газарт малтлага хийх бөгөөд үүнтэй холбогдох бүх зардлыг компани хариуцна.

 

Соёлын биет бус өвийг хадгалах, хамгаалах

Говийн ард түмний дахин давтагдашгүй онцлог ёс заншил, соёлын өв уламжлалыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлд Энержи Ресурс ХХК санаачлагатай ажилласаар ирсэн. Тухайлбал компани 2010 оноос эхлэн Говь шанхын уртын дууны уралдааныг уламжлал болгон зохион байгуулж байна. Говь нутгийн байгаль, хүн ардын сэтгэлгээний онцлогийг гайхалтай тусгасан эдгээр дуунуудыг шинэ залуу үеийнхэнд өвлүүлэн үлдээх зорилгоор VCD болон CD бэлтгэж хэвлүүлэн тараах, сумын ЕБС-ийн хөтөлбөрт энэ талаарх мэдээллийг тусгуулах ажлууд хийгдэж байна.

 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний бичиг үсгийн өдрийг жил бүр тэмдэглэх болсны дагуу Өмнөговь аймгийн төвийн 3-р дунд сургуульд Монгол бичгийн загвар кабинетийг байгуулж, хамтран ажиллаж байна. Ингэснээр сургалтын таатай нөхцөл орчныг бүрдүүлээд зогсохгүй үндэсний бичиг үсгийг сурагч хүүхдүүдэд түгээн таниулах, тэдний сурах урам зоригийг нэмэгдүүлэх эерэг үр нөлөөтэй.