Тогтвортой хөгжил

Компанийн тогтвортой хөгжлийн чиг баримжаа

Энержи Ресурс ХХК-иас баримталдаг тогтвортой хөгжлийн чиг баримжаа нь хүрээлэн буй байгаль орчин, нутгийн иргэдэд учирч болзошгүй эрсдэл буюу сөрөг нөлөөллийг ямагт тооцож, хариуцлагатай бизнесийн үйл ажиллагаа эрхлэн явуулахад чиглэгддэг. Бид оролцогч, сонирхогч талуудын ашиг сонирхлыг хүндэтгэн, орон нутгийн хөгжлийг хөхүүлэн дэмжихийн зэрэгцээ хүрээлэн буй орчинд ээлтэй, дэвшилтэт техник, технологи, арга аргачлал, бизнесийн санал санаачлагыг үйл ажиллагаандаа өргөнөөр нэвтрүүлэхийг зорьж ажилладаг. Мөн байгаль орчны шилдэг менежментийг хэрэгжүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартуудыг ханган, үйл ажиллагаандаа сонирхогч талуудын оролцоог хангах нь нэн чухал гэж үздэг.

 

Энэхүү зарчмын хүрээнд Энержи Ресурс ХХК нь:

  • Компанийн сайн засаглалын хэм хэмжээг мөрдлөг болгож, хариуцлагатай, ёс зүйтэй бизнесийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрхэлнэ;
  • Авилга хээл хахуулиас ангид байж, шийдвэр гаргалтанд нөлөөлөх, давуу эрх бий болгох, шан харамж олгох зэргээс зайлсхийнэ;
  • Оролцогч, сонирхогч талуудтай зөвлөлдөж, тэдний оролцоог хангах,  ил тод байх, харилцан итгэлцлийг бий болгох, аливаа асуудлыг шударгаар шийдвэрлэх, тэгш боломжоор хангах зарчмыг үйл ажиллагаандаа тууштай баримтална;
  • Орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжил, тэр дундаа дэд бүтэц, иргэдийн тогтвортой амьжиргааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зарчмаар орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулна;
  • Шударга ажил олгогчийн хувьд ажиллагсдынхаа нийгмийн асуудалд анхаарал тавьж, тэднийг аюул, эрсдэлгүй орчинд хөдөлмөрлөх нөхцөлөөр хангахын зэрэгцээ хувь хүний болон мэргэжлийн хувьд өсч, хөгжих боломжоор тэгш хангана;
  • Хүний эрхийн үндсэн зарчмуудыг байгууллагын соёлын үндсэн хэсэг болгон төлөвшүүлнэ. Бид ажлын байран дахь аливаа хууль бус дарамт, шахалтын эсрэг байхаас гадна ажилтан, албан хаагчдын эвлэлдэн нэгдэх, хамтын гэрээ хэлэлцээр байгуулах эрхийг хүндэтгэнэ. Мөн хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг, албадан хөдөлмөр эрхлэлтийг үл тэвчиж, олон улсын Аюулгүй байдал, хүний эрхийн сайн дурын зарчмуудыг мөрдлөг болгоно.

Компанийн нийгмийн хариуцлагын удирдлага

Энержи Ресурс ХХК нь 2009 онд үйл ажиллагаа эхлүүлэхээс өмнө уурхайн төслийн байгаль орчин болон нийгэмд үзүүлэх нөлөөллийг тодорхойлж, улмаар эерэг нөлөөллийг дэмжих, сөрөг нөлөөллийг бууруулах бие даасан менежментийн төлөвлөгөөнүүдийг боловсруулан хэрэгжүүлж ирсэн.

 

Олон Улсын Стандартын Байгууллагаас 2010 оны 10 сард гаргасан “ISO26000: Нийгмийн хариуцлагын зөвлөмж” болон Олон Улсын Санхүүгийн Корпораци, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк зэрэг байгууллагуудаас гаргасан удирдамжуудад үндэслэн Компанийн нийгмийн хариуцлага (КНХ)-ын бодлогыг 2011 оны 6-р сард боловсруулан гаргасан бөгөөд компанийн бүх салбар, охин компаниудын үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлж байна. Энэхүү бодлогод дараах үндсэн чиглэлүүдийг тусгасан:

 

  • Хүний эрх, эрх чөлөө
  • Бид хүний эрхийг дээдэлж, уурхайн үйл ажиллагааны явцад орон нутгийн иргэдийн болон ажиллагсдын эрхийг зөрчихгүй байхад нэн тэргүүний анхаарал хандуулдаг төдийгүй хүний эрхийн эрсдлийн үнэлгээнд тулгуурласан сургалт, семинаруудыг тогтмол зохион байгуулдаг.

     

  • Хөдөлмөрийн харилцаа
  • Ажиллагсад нь компанийн амжилтын гол тулгуур гэж бид үздэг. Иймд  чадварлаг боловсон хүчний бааз суурийг бий болгон, урт хугацааны, тогтвортой ажлын байраар хангах нь нэн чухал ач холбогдолтой. Энэ утгаараа компанийн зүгээс эрүүл, аюулгүй ажлын орчныг бий болгон, ажиллагсдын нийгмийн хөгжил, шилжин суурьшилтын нөхцлийг бүрдүүлж, тэдэнд хувь хүний ба мэргэжлийн хувьд тасралтгүй өсөн дэвжих боломжийг олгоход онцгой анхаарч, хүний нөөцийн бодлогодоо тусган ажиллаж байна.

     

  • Байгаль орчин
  • Энержи Ресурс ХХК нь компанийн байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог олон улсын ISO 14001:2004 (Байгаль орчны удирдлагын тогтолцоо), OHSAS 18001:2007 (Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо) стандарт шаардлагуудад нийцүүлж, улмаар удирдлагын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна.  Бид Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын банк санхүүгийн байгууллагуудын шаардлагад нийцсэн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг Ухаа Худаг төслийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө хийж гүйцэтгэсэн бөгөөд төслөөс үүдэлтэй байгаль орчинд учирч болохуйц сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, нөхөн сэргээх зорилготой менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлж ажилладаг. Ухаа Худаг уурхайн үйл ажиллагааны хүрээнд хог хаягдал, ус, тоосжилт, хөрсний элэгдэл эвдрэл, нөхөн сэргээлт зэрэг чиглэлүүдэд бие даасан менежмент төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлж байна. Мөн үйл ажиллагааны явцад байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийг хянах зорилгоор орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг боловсруулж, гадаад дотоодын мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг.

     

    Оролцогч талуудын чухал төлөөлөл болох орон нутгийн иргэдийн байгаль орчны мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор сургуулийн сурагчид болон нутгийн малчид, иргэдэд ойжуулалт, зүлэгжүүлэлт, хог хаягдлын менежмент, байгалийн нөөцийн зохистой ашиглалт зэрэг сэдвүүдээр сургалт явуулдаг. Түүнчлэн орчны хяналт шинжилгээнд нутгийн иргэдийг оролцуулж, тэднээр хөндлөнгийн хяналт хийлгэж байна.

     

  • Бизнесийн шударга харилцаа
  • Компанийн ёс зүйн код нь ажлын байран дээрхи ялгаварлан гадуурхалт, ашиг сонирхлын зөрчил, авилга хээл хахууль зэрэг зохисгүй үйлдлүүдээс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд ажиллагсдын хувьд удирдамж, гарын авлага болдог. Мөн Энержи Ресурс ХХК нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн 2009 оноос эхлэн Олборлох Үйлдвэрийн Ил Тод Байдлын Санаачлагад нэгдэн, төр засгийн байгууллагад төлсөн төлбөр, татвар хураамжаа нээлттэй тайлагнаж ирсэн.

     

  • Орон нутгийн оролцоо ба хөгжил
  • Бид үйл ажиллагааныхаа талаар үнэн зөв, бодит мэдээллийг түгээх, орон нутгийн иргэд, оролцогч талуудтай зөвлөлдөх, тэднээс талуудаас ирсэн санал гомдлыг барагдуулах, соёлын биет болон биет бус өвийг хадгалах, хамгаалах, орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлд онцгой анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд үйл ажиллагаагаа олон нийт, хөрөнгө оруулагчид, төр засгийн болон олон улсын банк санхүүгийн байгууллагуудад жилд хоёр удаа нээлттэй тайлагнаж ирсэн. 

Түүнчлэн компанийн бүхий л газар, нэгжүүд өөрсдийн ажлын чиг, үүргийн хүрээнд КНХ-ыг бий болгон хэвшүүлэх зорилт тавин ажиллаж байна.