Тогтвортой хөгжил

Ажиллагсад

Мэргэжлийн, чадварлаг боловсон хүчнийг татан ажиллуулж, тэднийг тасралтгүй хөгжүүлж, хамтран ажиллах нь компанийн урт хугацааны амжилтын гол үндэс юм. Иймээс Энержи Ресурс компани нь ажиллагсдаа үнэт зүйл хэмээн дээдэлж, тэдний эрүүл, аюулгүй ажлын орчин нөхцлийг бүрдүүлж, ур чадварыг нь хөгжүүлэхийг нэн түрүүний зорилго болгодог. Тус компани нь хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг хэрэгжүүлэгч болохын хувьд ажиллагсдын эрхийг дээдэлж, тэднийг ижил тэгш боломжоор хангадаг. Ажилтан, ажиллагсдыг сонгон шалгаруулахдаа ажил горилогсдын мэргэжил, ур чадварын түвшинг эн тэргүүнд харгалзан үзэхээс гадна орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах чиглэлд онцгой анхаарал хандуулдаг.

 

 

Энержи Ресурс ХХК нь ажиллагсдаа хот, хөдөөгийн хооронд ирж, очин ажиллуулах бус, уурхайн үйл ажиллагаа явагдаж буй орон нутагт шилжүүлэн суурьшуулах бодлого хэрэгжүүлэх замаар орон нутгийн хөгжлийг дэмжиж, төвлөрлийг сааруулах үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулж байна. Энэхүү бодлогын хүрээнд ажиллагсдыг гэр бүлээрээ орон нутагт тав тухтай шилжин суурьших нөхцлөөр хангах, дэмжлэг үзүүлэх алхмууд шат дараатай хийгдэж ирсэн. Тухайлбал “Цэций” нэртэй орон сууцны хороолол, 700 хүүхдийн сургууль, 144 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүдийн дотуур байр бүхий “Мөрөөдөл” боловсролын цогцолборыг Цогтцэций суманд барьж байгуулсан төдийгүй тог цахилгаан, худаг, хашаа, гэрэлтүүлэг зэргийг цогцоор шийдсэн “Уурхайчин” жишиг гэр хорооллыг байгуулж, ажиллагсдынхаа амьдралын нөхцлийг бүрдүүлж байна.

 

Ухаа Худаг уурхайн “Галерей” төв кэмп нь ажиллагсдын ажиллаж, амрах тав тухтай нөхцлийг бүрэн хангасан. Нийт 650 хүртэлх хүн байрлах боломжтой, 289 өрөөтэй тус кэмп нь Монголдоо анхдагч, архитектурын өвөрмөц шийдэлтэй төдийгүй утасгүй интернет, эмнэлэг, гоо сайхны салон, бялдаржуулах танхим, кофе шоп, номын сан гээд хүнд хэрэгцээтэй бүхий л төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн. Ажиллагсдын тав тухыг хангах үүднээс өрөө бүрт халаалт, хөргөлтийн систем, дуу чимээ тусгаарлагч давхар хаалга суурилуулсан. Тус кэмпийн зоогийн газар нэг ээлжиндээ 240 хүнд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд 24 цагаар ажиллаж, уурхайн ажиллагсдад чанартай хоол хүнсээр үйлчилж байна.