Тогтвортой хөгжил

Орон нутгийг хөгжүүлэх хөтөлбөрүүд

Энержи Ресурс ХХК нь орон нутагтай сайн хөршийн харилцааг хөгжүүлж, нутгийн иргэдийн санал, бодлыг сонсч, хүлээн авч, уурхайн үйл ажиллагааны бүхий л үе шатанд тэдэнтэй харилцан ойлголцож, хамтран ажиллахыг зорьдог.

 

Уурхайн үйл ажиллагааны тодорхой үе шатуудад болон бие даасан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхийн өмнө компанийн зүгээс нийгэм-эдийн засгийн суурь судалгаа явуулж, тухайн орон нутагт нөлөөлөх эерэг, сөрөг нөлөөллүүдийг тодорхойлдог. Ингэснээр болзошгүй сөрөг нөлөөллүүдийг бууруулж, эерэг нөлөөллүүдийг дэмжих чиглэлд бие даасан менежментийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх боломж бүрддэг. Мөн компанийн зүгээс орон нутагт хөрөнгө оруулалт хийхдээ тухайн сум, орон нутгийн эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг аль болох дэмжиж, уурхай хаагдсаны дараа ч бие даан хөгжих нөхцлийг бүрдүүлэхийг зорьж ажилладаг.

 

 

 

Энержи Ресурс ХХК нь Цогтцэций сумын дэд бүтцийг хөгжүүлэхийн хажуугаар тухайн бүс нутгийн хөгжилд эерэг үр өгөөж авчрахыг зорьж байна. Энэ утгаараа компанийн орон нутгийн хөгжлийн хөтөлбөрүүд нь богино хугацаанд чиглэгдсэн бус, орон нутгийн иргэдийн амьжиргаа, нийгэм-эдийн засгийн нөхцлийг урт хугацаанд хангаж, дэмжлэг үзүүлэхэд чиглэгддэг. Компанийн орон нутгийн хөгжлийн хөтөлбөрүүд нь ажлын байр нэмэгдүүлэх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, орон нутгийн бизнесийг дэмжих, соёлын өвийг хамгаалах гэх мэт олон чиглэлд хэрэгжиж байна. Төсөл хөтөлбөрүүдийн чиглэлийг тодорхойлохдоо оролцогч, сонирхогч талуудын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцүүлэхийг урьтал болгодог.

  • Бүс нутгийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр нь орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэндэд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чиглэгддэг. Энэ хөтөлбөрийн хүрээнд нутгийн иргэдийг жил бүр нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж ирсэн. Мөн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт, семинарууд тогтмол зохион байгуулагддаг.
  • Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил хурдсахын хэрээр соёлын өвийн хамгаалал чухлаар тавигдаж байна. Иймээс Энержи Ресурс компанийн зүгээс Соёлын өвийг хамгаалах бие даасан хөтөлбөрийг хэрэгжүүлж, говь нутгийн соёлын биет ба биет бус өвүүдийг хамгаалах, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, таниулан сурталчлах ажлуудыг зохион байгуулж ирсэн. Тухайлбал энэхүү хөтөлбөрийн хүрээнд археологийн авран хамгаалалтын ажлууд хийгдсэнээс гадна шинэ үеийн сурагч, багачуудын дунд уйгаржин монгол бичгийг сурталчлан таниулах, Говь шанхын уртын дууг түгээн дэлгэрүүлэх ажлууд идэвхитэй явагдаж байна.
  • Орон нутгийн боловсролыг дэмжих хөтөлбөр нь Цогтцэций сум төдийгүй Өмнөговь аймгийн хэмжээнд боловсролын чанарт ахиц гаргах үндсэн зорилготой. Ийнхүү сум, аймгийн хэмжээнд суурь болон дунд боловсролын чанарт ахиц гаргаснаар орон нутгийн ирээдүйн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж, боловсролын суурь үйлчилгээний ачааллыг бууруулах боломжтой. Компанийн зүгээс Цогтцэций сумын дунд сургуулийг англи хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай болгох хөтөлбөрийг 3 жилийн турш хэрэгжүүлсэн нь өдгөө бодит үр дүн өгч, сумын сургуулийн сурагчид улс, аймгийн олимпиадуудад өндөр амжилт үзүүлэх болсон. Мөн оюутны тэтгэлэгт хөтөлбөр, мэргэжлийн сургалтуудаар дамжуулан аймаг, орон нутгийн ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулсаар байна.
  • Орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр нь Өмнөговь аймгийн хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг чадавхижуулж, мэдээллээр хангах, тэднийг уул уурхайн компаниудад ханган нийлүүлэлт хийх боломжийг бүрдүүлэх, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг үндсэн зорилготой.