Тогтвортой хөгжил

Нийгэм, эдийн засгийн үр өгөөж

Энержи Ресурс ХХК нь Монгол Улсын уул уурхайн салбарын тэргүүлэгч компаниудын нэг болохын хувьд орон нутгийн төдийгүй улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж ирсэн. Татвар, хураамж, ажлын байр, ханган нийлүүлэлтээр дамжуулан эдийн засагт шууд хувь нэмэр оруулахын хажуугаар бид орон нутгийн хөгжлийг дэмжих төрөл бүрийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Тэрчлэн үйл ажиллагаагаараа дамжуулан орон нутгийн бизнесийн цар хүрээг тэлэх, уул уурхайн салбарт шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, нутагшуулах зэргээр эдийн засгийн шууд бус үр өгөөжийг бий болгож байна.

 

 

 

Ажлын байр

2013 оны эцсийн байдлаар тус компанийн нийт ажиллагсдын тоо 2,273 байсны 43 орчим хувийг орон нутгийн иргэд бүрдүүлж байна. Тодруулбал, орон нутгийн ажиллагсдын дунд Өмнөговь аймгийн Цогтцэций, Даланзадгад, Манлай, Баян-Овоо, Цогт-Овоо сумдын иргэд зонхилдог. Орон нутгийн иргэдэд мэргэжил олгож, ажлын байраар хангах чиглэлд өнгөрсөн хугацаанд компанийн зүгээс онцгой анхаарал хандуулж ирсэн. Энержи Ресурс компани үйл ажиллагааныхаа хүрээнд дотоодын нийт 700 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж ирсний зэрэгцээ Ухаа Худаг цогцолборын хүрээнд нийт 4,000 орчим хүнийг шууд бус ажлын байраар хангаж байна.

 

Татвар төлөлт

2009 онд үйл ажиллагаа эхлүүлснээс хойш Энержи Ресурс ХХК нь нийт 400 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн бөгөөд төлсөн татварын дүн, татвар, хураамжийг хугацаанд нь найдвартай төлсөн байдал зэрэг олон үзүүлэлтээр орон нутгийн болон үндэсний шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр удаа дараа шалгарч ирсэн.

 

Дэд бүтцийн хөрөнгө оруулалт

Компанийн зүгээс өөрийн үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах чиглэлд голчлон анхаардаг бөгөөд тухайн орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх, боловсрол, эрүүл мэнд гэх мэт нийгмийн суурь үйлчилгээнүүдийн чанар, хүртээмжийг сайжруулах зэргээр бодитой хувь нэмэр оруулж ирсэн. Тус компани нь Ухаа Худаг төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сум болон ойролцоох орон нутгийг 24 цагийн найдвартай эрчим хүч, ундны цэвэршүүлсэн усаар хангадгийн зэрэгцээ орон нутагт нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд дараахь ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Үүнд:

  • Энержи Ресурс ХХК ба Өмнөговь аймгийн ЗДТГ-ын хамтын хөрөнгө оруулалттайгаар Цогтцэций суманд “Мөрөөдөл” нэртэй боловсролын томоохон цогцолбор баригдаж, 2013 оны 1-р сараас үйл ажиллагаа явуулж байна. Шинэ цогцолбор нь боловсролын байгууламжийн орчин үеийн стандартыг бүрэн хангахуйц, шинэлэг шийдлээр баригдсан бөгөөд 640 хүүхдийн нэг ээлжийн сургууль, 144 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн дотуур байрнаас бүрдэл болдог. Тус цогцолбор ашиглалтад орсноор компанийн шилжин суурьшсан ажиллагсдын хүүхдүүд чанартай боловсрол эзэмших боломж нээгдэхийн зэрэгцээ алслагдмал орон нутгийн боловсролын чанарт томоохон ахиц гарч, Цогтцэций сумын боловсролын үйлчилгээний хүртээмж илт нэмэгдэж байгаа юм.
  • Тус компанийн зүгээс орон нутагт шилжин суурьшсан ажиллагсдынхаа амьдралын тав тухтай нөхцлийг бүрдүүлэх, орон нутгийн нийгмийн дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор “Цэций” орон сууцны хорооллыг үе шаттайгаар барьж байгуулж байна. 2013 оны эцсийнбайдлаар нийт 500 гаруй өрх бүрэн тавилгатай, орчин үеийн тохилог орон сууцанд ороод байна.

 

 

 

Орон нутгийн худалдан авалт

Энержи Ресурс ХХК нь бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа бизнесийн шударга зарчим баримталж, орон нутгийн бизнес эрхлэгчидтэй хамтрахыг нэн тэргүүнд эрмэлздэг. Үндэсний болон орон нутгийн ханган нийлүүлэгчдэд бизнесийн боломж олгож, тэдэнтэй шударга хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг чадавхижуулах, тэднийг уул уурхайн компаниудын ханган нийлүүлэлтийн сүлжээнд нэгдэн орох боломжоор хангах чиглэлд ажиллаж ирсэн.