Тогтвортой хөгжил

Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй

Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй нь Энержи Ресурс компанийн үйл ажиллагааны салшгүй чухал хэсэг билээ. 2012 оноос эхлэн бид олон улсын ISO 14001:2004 (Байгаль орчны удирдлагын тогтолцоо), OHSAS 18001:2007 (Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо) стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, улмаар Байгаль орчин болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (БОХАБЭА)-н удирдлагын нэгдсэн тогтолцоог бий болгон ажиллаж байна.

 

БОХАБЭА-н нэгдсэн удирдлагын тогтолцоо нь компанийн БОХАБЭА-н бодлого, зорилго, зорилт, шаардлага болон тэдгээрт хүрэх арга замыг тодорхойлсон цогц систем юм. Энэхүү удирдлагын тогтолцоо нь Энержи Ресурс компанийн хэрэгжүүлж буй бүх төсөл, үйл ажиллагаанд хүчин төгөлдөр мөрдөгддөг. Нэгдсэн удирдлагын тогтолцоог бүрдүүлснээр дараахь ач холбогдолтой. Үүнд:

  • Эрсдэлийг нэгдсэн байдлаар (цогцоор) илрүүлж, үнэлж, хянах боломж бүрдэнэ
  • Нөөцийг үр дүнтэй ашиглаж, зардлыг бууруулна
  • Үйл ажиллагааг хялбаршуулна
  • Оролцогч талуудын сэтгэл ханамжийг сайжруулна
  • Компанийн нэр хүнд нэмэгдэнэ

БОХАБЭА удирдлагын тогтолцооны баримт бичиг нь бодлого, стандарт, журам, төлөвлөгөө, гарын авлага, заавар, зааварчилгаа, маягт, бүртгэлийн хуудас зэргээс бүрдэнэ. Эдгээр баримт бичгүүдийг группын болон тухайн бизнесийн нэгжийн гэсэн 2 түвшинд хуваах бөгөөд дээрээс доош чиглэсэн шаталсан загварыг дор үзүүлэв. Бодлого, стандарт, стандарт журам, төлөвлөгөө, үйл ажиллагааны стандарт журмуудыг Энержи Ресурс компани, түүний охин компани төдийгүй гэрээт гүйцэтгэгчид бүгд дагаж мөрдөнө.

 

БОХАБЭА удирдлагын тогтолцооны баримт бичиг

 

Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого

 

Бид хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, компанийн ажилчид болон нутгийн иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндэнд хохирол учруулахгүй, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд  байлгах зорилго тавина. Үүний тулд БОХАБЭА-н удирдлагын тогтолцоог бүрэлдүүлж, түүний хэрэгжилтийг байнга сайжруулан ажиллах үүрэг хүлээх бөгөөд дараах үндсэн чиглэлд анхаарч ажиллана. Үүнд:

  • Үндсэн болон гэрээт компанийн ажилчид, орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлийг тодорхойлж, үнэлж, хянана.
  • Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг дагаж мөрдөнө.
  • Эрүүл, аюулгүй ажлын байр бий болгож, байгаль орчны бохирдол үүсгэхгүй байхыг ажилтан бүрийн үүрэг хариуцлага болгон мөрдүүлнэ.
  • Бүх түвшний удирдах ажилтнууд БОХАБЭА-н манлайлагч байж, ажилчдад үлгэр дуурайлал болно.
  • Эрсдэлийг үнэлж, аюулыг мэдээлж, ослыг бууруулах нь ажилтан бүрийн үүрэг байна.
  • БОХАБЭА-н сургалтыг ажилчид, гэрээт компани, орон нутгийн иргэдэдзориулан зохион байгуулна.
  • Үйлдвэрлэлийн ослыг тэглэхэд шаардлагатай бүхий ларга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Осол гарсан тохиолдолд судалгаа хийж, эрсдэлийг арилгах, дахин осол гарахгүй байх арга хэмжээ авна.
  • Дотоод хяналт, аудит тогтмол хийж, үл тохирол илэрвэл тухай бүрт нь арилгана.
  • Ажилчдын БОХАБЭА-н гүйцэтгэлийг үнэлж, дүгнэнэ.
  • Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас байгаль орчин болон эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц үр дагаврын тухай нутгийн иргэдээс мэдээлэл өгөх явдлыг урамшуулж, сөрөг нөлөөллийг арилгахад хамтарч ажиллана.  

Энэхүү бодлого нь олон нийтэд нээлттэй байх бөгөөд ММС / Энержи Ресурс болон охин компаниуд, тэдгээрийн гэрээт гүйцэтгэгч компаниуд нэгэн адил дагаж мөрдөнө.  

 

Байгаль орчны төсөл, санаачлагууд

 

Энержи Ресурс ХХК нь элсний нүүдэл, цөлжилтийг бууруулж, орон нутгийн иргэдэд газар тариалан эрхлэх боломжийг олгох үүднээс Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 15 га газарт салхины хаалт буюу ойн зурвас байгуулж байна. Сүүлийн 2 жил тасралтгүй хэрэгжиж буй төслийн үр дүнд нийт 12,000 гаруй мод, бут шинээр тарин ургуулж байгаагаас гадна уг талбайд сумын иргэд төмс, хүнсний ногоо тариалж эхэлсэн. Орон нутгийн иргэд энэхүү ажлыг талархан хүлээн авч, мод тарих ажилд сайн дураараа оролцож ирсэн.

Компанийн Байгаль орчны багаас уурхайн хаалт, нөхөн сэргээлтэнд зориулсан туршилтын талбайг 2009 оноос хойш ажиллуулж байгаа бөгөөд Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн, судлаачидтай хамтран уурхайн нөхөн сэргээлтэнд тохиромжтой, говийн нөхцөлд дасан зохицох чадвартай олон төрлийн ургамлыг амжилттай тарьж ургуулж байна.