Энержи Ресурс компани, Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй ТББ-ын хамтарсан төслийн хүрээнд говийн бүсийн эмнэлэгүүдийн нярайн тасгийг чухал шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажил хэрэгжиж эхэллээ.Эхний эмнэлэг болох Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасагт нийт 77.5 сая төгрөгийн үнэ бүхий 23 ширхэг төхөөрөмжийг төслийн багийнхан 1-р сарын 26-ны өдөр хүлээлгэн өгч, ашиглалтанд оруулсан юм. Үүнд нярайн инкубатор, шарлагын аппарат, дуслын аппарат, билиметр (шарлалтыг хэмжихэд нярайг зүү тариураар хатгах шаардлагагүйгээр, шууд хэмжилт хийдэг төхөөрөмж) гэх мэт улсын төсвөөс хангамж, олдоцгүй, олдсон ч хүрэлцээ муутай тоног төхөөрөмжүүдийг олгожээ.
Нийт 370 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа энэ төслийн хүрээнд цаашид Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн эмнэлгийн хүүхэд, нярайн эрчимт эмчилгээний тасгуудыг тус бүр 10 гаруй тооны тоног төхөөрөмжөөр хангаж, 2019 оны эхний хагаст дуусгана. Нэг аймгийн төвд жилд дунджаар 1,000 хүүхэд шинээр төрдөг, 300-400 хүүхэд эмчлүүлдэг гэж үзвэл, жилд говийн бүсийн 7,000 гаруй хүүхдүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмжийн олдоц, хүрэлцээ сайжрахаар байна.
Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Бат-Энх:
Манай ТББ 2009 оноос эхлэн монгол үрс эх орондоо эдгэрч эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор олон төсөл хэрэгжүүлсэн. Бид энэ удаа "Энержи Ресурс" компанийн санхүүжилтээр Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт 14 төрлийн 23 ширхэг нийтдээ 77.5 сая төгрөгний үнэ бүхий тоног төхөөрөмж хүлээлгэж өглөө. Удахгүй Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгуудад шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгнө. Хамгийн гол нь тухайн эмнэлэгт тохирсон, ашиглалт эдэлгээ сайтай, Монголын нөхцөлд хамгийн тохирсон тоног төхөөрөмжүүдийг сонгож, хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна.
"Энержи Ресурс" компанийн нийгмийн хариуцлагын менежер Г.Отгонтуяа:
Бид Ухаа худаг уурхайн 10 жилийн ойн хүрээнд аль болох нийгэмд хамгийн тулгамдсан суурь асуудлуудыг шийдвэрлэх, тэр дундаа хүүхдийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр бодитой ажлууд хийхийг зорьсон. Үүний нэг нь Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй ТББ-тай хамтраад говийн бүсийн аймгуудын эрүүл мэндийн төвүүдэд нярайн арчилгаа, эмчилгээний шаардлагатай тоног төхөөрөмж хандивлах төсөл юм.
Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга У.Ариун-Эрдэнэ:
Манай аймгийн нэгдсэн эмнэлэгт сүүлийн таван жилд хүүхдийн тоног төхөөрөмж нийлүүлэгдэж байгаагүй. Гэтэл өнөөдөр хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног, төхөөрөмжүүдтэй болж байна. Төслийг хэрэгжүүлж буй залуус маань манай хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай бодитоор танилцаж, хүүхдийн эмч нараас маань судалгаа, мэдээлэл авч, сонгон шалгаруулалт хийсний үндсэн дээр аймгийн хэмжээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг өглөө. Нийт Говьсүмбэрчүүд мөн хүүхэд багачууд, эмнэлгийн хамт олныхоо өмнөөс Энержи Ресурс компани болон Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй ТББ-ын залуусдаа талархал илэрхийлж байна.