Энержи Ресурс компани нь байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх ажилд нэн тэргүүний ач холбогдол өгч, байгаль орчны чиглэлийн холбогдох бүхий л хууль, стандартуудыг мөрдөж, байгаль орчинд учирч болзошгүй нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг.
Бид Монголын уул уурхайн салбарт анх удаа Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 45001:2018 гэсэн олон улсын гурван төрлийн стандартаар Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын шаардлагад нийцүүлсэн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг Ухаа худаг төсөл эхлэхээс өмнө хийж гүйцэтгэн, төслөөс үүдэлтэй байгаль орчинд учирч болохуйц сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлж ажилладаг.
Ирээдүйд уурхайн биологийн нөхөн сэргээлтэнд ашиглах мод, сөөг, нутгийн болон олон наст ургамлыг туршилтын журмаар ургуулах, тухайн бүс нутагт зохицсон ургамлыг сонгон шалгаруулж, улмаар нөхөн сэргээлт болон орчны тохижилт, ойн зурвас байгуулахад ашиглах зорилгоор Ухаа худагт мод үржүүлэг, нөхөн сэргээлтийн туршилтын талбайг байгуулсан. Одоогоор уг талбайд хайлаас, жигд, сухай, заг, тоорой, буйлс, улиас, чацаргана, бургас зэрэг 22 төрлийн 26,000 орчим мод сөөг, бутлаг ургамлуудыг ургуулж байна.
Мөн цөлжилтийг бууруулж, хөрсний доройтолтой тэмцэх үүднээс Цогтцэций суманд нийт 23 га талбайд ойн зурвас байгуулсан нь 10 жилийн хугацаанд 15,000 гаруй мод, сөөгтэй томоохон төгөл болоод байна. Ойн зурвасын дунд усжуулах системтэй тусгай талбай гаргаж, нутгийн иргэдийг төмс, хүнсний ногоо тариалах боломжоор хангадаг. Өнөөдөр нутгийн иргэд уг талбайд хүнсний ногоо тогтмол тариалах болсноор барахгүй жил бүрийн намар ургацын баяр тэмдэглэж байна.
Энержи Ресурс компани нь олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулдаг үндэсний уул уурхайн компани гэдэг утгаараа хариуцлагатай уул уурхай, тэр дундаа усны менежментийн асуудалд онцгой анхаарал хандуулдаг. Ялангуяа цэвэр усаар хомс говь нутгийн байгалийн онцлогийг дээд зэргээр харгалзан үзэж, усны зохистой хэрэглээг чухалчилдаг.
Тухайлбал, уурхайн цогцолборын хэмжээнд үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний ус хангамжийн орчин үеийн, дэвшилтэт системийг нэвтрүүлэн ажилласнаар уурхайн нийт төслүүдийн усны хэрэгцээг хангаад зогсохгүй Цогтцэций сумыг ундны цэвэршүүлсэн усаар хангаж байна.
Мөн Нүүрс баяжуулах үйлдвэрийн дэргэд Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэрийг байгуулж, үйлдвэрээс гарч байгаа нүүрсний лаг хаягдлаас усыг шавхаж дахин ашигладаг тул үйлдвэрийн усны дахин ашиглалтыг 95 хувьд хүргэсэн. Түүнчлэн цахилгаан станцдаа тусгайлан усны 0 хэрэглээ бүхий, хуурай хөргөлтийн технологи суурилуулсан учраас Монгол дахь бусад цахилгаан станцуудтай харьцуулахад усыг хамгийн багадаа 2-3 дахин хэмнэдэг.
Энержи Ресурс компанийн байгаль орчны чиглэлийн үйл ажиллагаанууд салбартаа жишигт тооцогддог учраас менежмент, үйл ажиллагааны туршлагаасаа салбарын бусад компаниудтай хуваалцаж, мэдээлэл түгээхийг эрмэлздэг. Тухайлбал, Олон улсын санхүүгийн корпорациас санаачлан хэрэгжүүлж буй Усны менежментийн сайн дурын кодекс–т нэгдэн орсноор усны менежментийн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлынхаа тайлан, мэдээллийг хүргүүлж, туршлага хуваалцаж ирлээ.