Энержи Ресурс ХХК нь тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, байгаль орчин, орон нутагт сөрөг нөлөөгүй ажиллагааг хэвшүүлэх, дэд бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд онцгой ач холбогдол өгч ажилладаг. Тухайлбал, туршлагатай, мэргэшсэн жолооч нарын баг бүрэлдэхүүн, орчин үеийн тээврийн хэрэгслүүд бүхий өөрийн гэсэн авто баазтай. Мөн хүнд даацын тээврийн хэрэгслүүдэд бүрэн засвар үйлчилгээ үзүүлэх орчин үеийн засварын төвүүдтэй учир тээврийн найдвартай, хариуцлагатай ажиллагааг бүрэн хангаж ажилладаг.
Тус компани нь Ухаа худаг – Гашуун сухайт чиглэлд үйлдвэрлэлийн зориулалтын, 245 км хатуу хучилттай авто зам барьж, 2011 онд ашиглалтад оруулсан бөгөөд Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу 2014 онд төрд албан ёсоор хүлээлгэн өгсөн. Уг авто замын барилгын ажилд үндэсний 40 гаруй туслан гүйцэтгэгч компанийн 1,200 гаруй инженер, техникийн ажилтан гар бие оролцсон.
Хатуу хучилттай авто зам ашиглалтад орсноор нүүрс тээвэрлэлтийн эрчим, аюулгүй ажиллагаа эрс дээшилж, шороон замын тээвэрлэлтээс үүдэлтэй тоосжилт гэх мэт сөрөг нөлөөллийг бууруулахад томоохон ахиц гарсан. Мөн 2012 онд Гашуунсухайтын боомтын өргөтгөлийг хийж гүйцэтгэх зэргээр Тавантолгойн бүсийн тээврийн дэд бүтцийг сайжруулах чиглэлд хувь нэмрээ оруулан ажиллаж ирсэн.
Түүнчлэн Энержи Ресурс компани нь баяжуулсан коксжих нүүрсийг БНХАУ-аас гадна Япон, Солонгос, Энэтхэг, Германы зах зээлд нийлүүлэх туршилтын ачилт, тээвэрлэлтүүдийг амжилттай гүйцэтгэж байсан.