Энержи Ресурс компанийн орон нутагт оруулж буй хөрөнгө оруулалт нь тус бүс нутгийн урт хугацааны, тогтвортой хөгжлийг дэмжих үндсэн зорилготой байдаг.
Компани нь орон нутагтай сайн хөршийн харилцааг хөгжүүлж, нутгийн иргэдийн санал, бодлыг сонсч, хүлээн авч, уурхайн үйл ажиллагааны бүхий л үе шатанд тэдэнтэй харилцан ойлголцож, хамтран ажиллахыг зорьдог. Ингэхдээ орон нутагт нэн хэрэгцээтэй, тулгамдсан асуудал ихтэй чиглэлүүдэд байнгын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн.
Тухайлбал, орон нутгийн эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, жижиг дунд бизнесийг дэмжих, соёлын өвийг хамгаалах зэрэг чиглэлүүдээр 2009 оноос хойш бие даасан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн.
Төсөл хөтөлбөрүүдийн чиглэлийг тодорхойлохдоо нутгийн иргэдийн бодит хэрэгцээ шаардлагад нийцүүлэхийг урьтал болгохын зэрэгцээ орон нутагт хийгдсэн бодитой суурь судалгаа, шинжилгээнд тулгуурладаг.
Орон нутгийн боловсролыг дэмжих хөтөлбөр нь Цогтцэций сум төдийгүй Өмнөговь аймгийн хэмжээнд боловсролын чанарт ахиц гаргах үндсэн зорилготой. Сум, аймгийн хэмжээнд суурь ба дунд боловсролын чанарт ахиц гаргаснаар орон нутгийн ирээдүйн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж, боловсролын суурь үйлчилгээний ачааллыг бууруулах боломжтой. Компанийн зүгээс Цогтцэций сумын дунд сургуулийг англи хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай болгох хөтөлбөрийг 3 жилийн турш хэрэгжүүлсэн нь өдгөө бодит үр дүн өгч, сумын сургуулийн сурагчид улс, аймгийн олимпиадуудад өндөр амжилт үзүүлэх болсон. Мөн “Говийн ирээдүй”, “Ирээдүйн сайн сайхны төлөө” зэрэг оюутны тэтгэлэгт хөтөлбөр болон мэргэжлийн сургалтуудаар дамжуулан аймаг, орон нутгийн ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулсаар байна.
Мөн Цогтцэций суманд “Мөрөөдөл” боловсролын цогцолборыг зөвхөн барьж, байгуулж өгөөд орхилгүй боловсролын орчин үеийн менежмент нэвтрүүлэх төслийг урт хугацаанд тууштай хэрэгжүүлж ирсэн. Энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотоос чадварлаг багш, зөвлөхүүдийг урилгаар авчирч ажиллуулах, suraad.mn математикийн цахим тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг ажлууд амжилттай хэрэгжиж байна. Ингэснээр Цогтцэций сумын сургуулийн төгсөгчдийн чанар сүүлийн жилүүдэд сайжирсан төдийгүй улс, аймгийн олимпиадуудад тогтмол дээгүүр байр эзэлж байна.
Бүс нутгийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр нь орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэндэд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чиглэгддэг. Энэ хөтөлбөр нь Өмнөговь аймгийн зүүн бүсийн эмч нарын ур чадварыг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах, халдварт ба халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үндсэн чиглэлээр хэрэгжиж ирсэн. Хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн иргэдийг жил бүр нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж, тэдний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт, семинаруудыг зохион байгуулдаг.
Мөн Цогтцэций суман дахь сум дундын эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар нийт 312 сая төгрөгний өртөг бүхий мэс заслын ба яаралтай тусламжийн хэрэгсэл, лабораторийн тоног төхөөрөмж, оффисын тавилга хэрэгсэл, компьютер зэргийг буцалтгүй тусламж болгон олгосон.
Ард иргэдийн амь насыг аварч, эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд хэрэгцээ, шаардлагатай орчин үеийн багаж, тоног төхөөрөмж нийлүүлснээр уг эмнэлгийн үйл ажиллагаа өргөжин тэлж, Өмнөговийн олон сумын ард иргэдэд чанартай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл боломж бүрдсэн.
Уул уурхайн эрчимтэй хөгжилтэй зэрэгцэн уламжлалт мал аж ахуй эрхлэгч малчин өрхийн амьжиргааг сайжруулах, тэдний бизнес эрхлэлтийг дэмжих шаардлага тулгардаг. Энэ хүрээнд тус компани малчдын тогтвортой амьжиргааг дэмжих хөтөлбөрийг 2012 оноос санаачлан хэрэгжүүлсэн. Ингэхдээ эхлээд Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын малчдын дунд нийгэм-эдийн засгийн судалгаа хийж, малчдын амьжиргааны өнөөгийн нөхцөл байдал, аж ахуй эрхлэх сонирхол, чадавхи, эрэлт хэрэгцээг тодорхойлсон.
Төслийн хүрээнд 2014-2020 онд Хас банктай хамтран уурхайн нөлөөллийн бүсийн малчин өрхүүдэд бичил зээл олгох хөтөлбөрийг эхлүүлж, Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын 60 гаруй өрхөд нийт 300 орчим сая төгрөгийн хүүгүй зээл олгож, өрхийн бизнест нь дэмжлэг үзүүлсэн. Төсөлд хамрагдсан нийт малчид зээлээ хугацаанд нь 100% төлж барагдуулсан төдийгүй бүх оролцогчид өрхийн бизнестээ тодорхой хэмжээгээр ахиц гаргаж чадсан байна.
Уг хөтөлбөрийг 2017 оноос Орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих хөтөлбөр болгон өргөжүүлсэн. Ингэснээр нөлөөллийн бүсийн малчдаас гадна шилжин суурьшсан ажиллагсдын ар гэрийн гишүүд бичил бизнес хэрэгжүүлж, хүүгүй зээлд хамрагдах боломж нээгдсэн.
Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил хурдсахын хэрээр соёлын өвийн хамгаалал чухлаар тавигдаж байдаг. Иймээс Энержи Ресурс компанийн зүгээс соёлын өвийг хамгаалах бие даасан хөтөлбөрийг хэрэгжүүлж, говь нутгийн соёлын биет ба биет бус өвүүдийг хамгаалах, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, таниулан сурталчлах ажлуудыг зохион байгуулж ирсэн. Тухайлбал, энэхүү хөтөлбөрийн хүрээнд Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнтэй хамтран Ухаа худаг төслийн талбайд археологийн авран хамгаалалтын ажлуудыг хийсэн. Мөн орон нутгийн сурагчдад уйгаржин монгол бичгийг сурталчлан таниулах, Говь шанхын уртын дууг түгээн дэлгэрүүлэх, Цэцийн жононгийн аялгууг уламжлан үлдээх зорилгоор морин хуурын дугуйлан ажиллуулах зэрэг ажлуудыг хийж байна. Мөн компанийн зүгээс Ухаа худаг баяр наадмын арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.