Зээлийн бүтцийн хэлэлцээрүүдээ амжилттай дуусгав
2016-11-14
Зээлийн бүтцийн хэлэлцээрүүдээ амжилттай дуусгав

Mongolian Mining Corporation нэрээр олон улсын хөрөнгийн зах зээлд гарсан Энержи Ресурс компани зээл, төлбөрийн асуудлаа богино хугацаанд, амжилттай шийдвэрлэж дуусгаснаа албан ёсоор мэдэгдлээ. Энэ оны 2-р сараас компанийн удирдлагууд зээлийн бүтцээ шинэчлэхээр болж, зээлдүүлэгчид болон бонд эзэмшигчидтэйгээ яриа хэлэлцээрүүдийг хийж эхэлсэн. 600 сая ам.долларын бондын эргэн төлөлтийн асуудлыг өнгөрсөн 7-р сард шийдвэрлэж, бонд эзэмшигчидтэйгээ тохиролцоонд хүрсэн бол сая BNP ба ICBC банкуудын зээлийн бүтцийг шинэчилж, нааштай тохиролцоонд хүрчээ.

Компани хугацаа хэтэрсэн зээл, төлбөрийнхөө нийт дүнг 830 орчим сая ам.доллараас 425 сая ам.доллар болгож бууруулснаас гадна хугацааг нь 2022 он хүртэл нийт 6 жилээр хойшлуулсан байна. Мөн зээлийн хүүг нүүрсний зах зээлийн үнэ ханштай уялдуулан 5-8% байхаар тохиролцжээ. Ингэснээр Энержи Ресурсын нийт зээлийн ба хөрөнгийн бүтцэд эерэг өөрчлөлт орж, компани үйл ажиллагаагаа тогтвортой явуулах нөхцөл бүрдэж байгаа юм. Нийт өрийн хэмжээг нийт хөрөнгөнд харьцуулсан Өрийн харьцаа гэх үзүүлэлтээр компаниудын санхүүгийн нөхцөл байдалд харьцуулалт хийж болдог. Энэ үзүүлэлтээр авч үзэхэд, Энержи Ресурсын Өрийн харьцаа 31%-тай буюу уул уурхайн дэлхийн түвшний компаниудынхаас ч доогуур, эрүүл түвшинд байна.


Бусад мэдээ