Малайз улсад зохион байгуулагдсан 11 дэх удаагийн Global CSR summit awards Компанийн нийгмийн хариуцлагын олон улсын шалгаруулалтад Энержи Ресурс компани нэр дэвшиж, Ази-Номхон далайн бүсийн 200 гаруй компанитай өрсөлдөн, Орон нутгийг дэмжих хөтөлбөрүүд-ээрээ Gold буюу ТОП шагналыг хүртлээ. Энэхүү арга хэмжээнд компанийн нийгмийн хариуцлагын тэргүүн туршлагыг хэрэгжүүлэгч дэлхийн томоохон компаниуд шилдэг төсөл хөтөлбөрүүдээрээ өрсөлддөг бөгөөд Энержи Ресурс компани Монгол улсаа 3 дахь удаагаа төлөөлөн амжилттай оролцоод байна.
Шалгаруулалтыг хийхдээ тухайн компанийн хууль, дүрэм журмаа мөрддөг байдал, санхүүгийн чадавхи зэргийг харгалзахаас гадна нийгэм рүү чиглэсэн урт хугацааны, бодит үр өгөөж бүхий төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа эсэхийг голчлон хардаг. Өмнөх жилүүдтэй харьцуулахад дэлхийд тэргүүлэгч Coca-cola, Samsung, L'Oreal, Bridgestone зэрэг компаниуд оролцсоноос гадна Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн санхүү, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт тэргүүлэгчид оролцсоноор онцлог болсон.
Энержи Ресурс компанийн хувьд Монголын уул уурхайн салбарт компанийннийгмийн хариуцлагаар тэргүүн туршлагыг хэрэгжүүлдэг. Энэ ч утгаараа 2009 онд үйл ажиллагаа эхэлснээс хойш 5 үндсэн чиглэлээр 50 гаруй урт хугацааны төсөл хэрэгжүүлээд байна. Онцлох төслүүдийг дурдвал, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орон сууцны хороолол, сургууль цэцэрлэг гэх мэт нийгмийн дэд бүтцүүдийг цогцоор нь шийдсэн төдийгүй орон нутгийн эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах, уул уурхайн чиглэлд мэргэшүүлэн сургах урт хугацааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Эмэгтэйчүүдийн уул уурхайн салбар дахь оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр компанийн зүгээс холбогдох хууль, дүрэм журмуудыг өөрчлөн шинэчлэх санаачилгыг гаргаж, идэвхтэй ажиллаж ирсэн бөгөөд энэхүү санаачилга нь Монголдоо төдийгүй Зүүн Өмнөд Азийн бүс нутагт анхдагч гэж хэлж болохуйц хөтөлбөрт тооцогдсоноор ийнхүү олон улсад өндөрөөр үнэлэгдээд байна.