МОНГОЛЫН АНХНЫ НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО
2011-06-16
МОНГОЛЫН АНХНЫ НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО

2011 оны 6-р сарын 11-нд Энержи Ресурс компанийн Ухаа Худаг уурхайн төслийн хүрээнд Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орлоо. Нийт 3 модуль бүхий загварт суурилсан энэхүү үйлдвэрийн модуль тус бүр жилд 5 сая тон нүүрс угааж, баяжуулах хүчин чадалтай.

Үйлдвэрийн эхний ээлж ийнхүү 6-р сард улсын комисс амжилттай хүлээж авснаар үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа бол 2-р модулийг 2011 оны 4-р улиралд, 3-р модулийг 2012 оны эцсээр тус тус ашиглалтанд оруулахаар төлөвлөж, суурийн болон барилга угсралтын ажлууд хийгдэж байна. Үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүн нь 8-10 хувийн үнсжилт бүхий экспортын нүүрс ба Ухаа Худагийн цахилгаан станцын хэрэгцээнд ашиглагдах эрчим хүчний нүүрс байх юм. Шинэ үйлдвэрийн дизайн болон технологийн шийдлүүд нь боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлд дэлхийд тэргүүлэгч, Австралийн Сежмен компанийн зураг төсөлд суурилсан.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, сүүлийн үеийн технологийн дэвшлийг дотоодын тэргүүн туршлагатай хослуулсанд баяжуулах үйлдвэрийн төслийн гол онцлог орших бөгөөд эхний модулийн барилга угсралтын ажил харьцангуй маш богино хугацаанд буюу ойролцоогоор 11-12 сард багтан явагдсан. Мөн эхний ээлжийн бүтээн байгуулалтанд дотоодын 20 гаруй туслан гүйцэтгэгч компанийн 600 гаруй ажилтан, ажиллагсад гар бие оролцжээ. 12 цагийн 2 ээлжээр ажиллах шинэ үйлдвэрийн инженер, техникийн ажилтнуудыг Австрали ба Герман улсын ижил төстэй үйлдвэрүүдэд сурган, дадлагажуулсан. Мөн үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх үед нийт 140 гаруй хүн ажлын байраар хангагдах юм.

2011 онд Ухаа Худаг уурхайн нүүрс олборлолтын нийт хэмжээг 7 сая тоннд хүргэхээр төлөвлөснөөс ойролцоогоор 4 сая тонныг нь угааж, баяжуулан олон улсын зах зээлд нийлүүлэх зорилт тавьж байна. Нүүрсийг угааж баяжуулснаар эцсийн бүтээгдэхүүний эдийн засгийн үнэ цэнэ нэмэгдэж, тээвэрлэлтийн зардал буурдаг онцгой давуу талтай. Дотоодын уул уурхайн салбар, тэр дундаа баяжуулах үйлдвэрлэлийн хөгжилд чухал хувь нэмрийг оруулах энэхүү үйлдвэр дотооддоо нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн бий болгох замаар компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх төдийгүй Монголоор овоглосон коксжих нүүрсний олон улсын зах зээл дэх үнэ цэнийг өсгөхөд томоохон үүрэгтэй байх болно.

Нүүрс баяжуулах үйлдвэр нь коксжих нүүрсний гарцыг хамгийн их байлгахуйц орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан бөгөөд Австрали, АНУ, Европ, Өмнөд Африк, БНХАУ-д үйлдвэрлэсэн, өртөг, бүтээмж өндөртэй, цогц төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Байгаль орчинд ээлтэй, боловсронгуй технологийг нэвтрүүлснээр үйлдвэрийн хэрэгцээний усыг 95 хувь хүртэл эргүүлэн ашиглах төдийгүй эрчим хүчний хэрэглээг ч хамгийн хэмнэлттэй байлгахаар тооцож технологийн шийдлүүдийг хийсэн. Тэрчлэн үйлдвэрт орчин үеийн дэвшилтэт төхөөрөмжөөр тоноглогдсон, өндөр хүчин чадал бүхий нүүрс химийн лаборатори ажиллаж байгаа нь түүхий нүүрс болон коксжих нүүрсний баяжмалын олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц чанарын баталгааг хангахад чухал үүрэгтэй.


Бусад мэдээ