Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх 2015 оны 3-р сарын 25-28-ны өдрүүдэд говийн аймгуудад ажиллаж, 3-р сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Тавантолгойн бүсийн уурхайнуудын үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү ажлын айлчлалын бүрэлдэхүүнд Байгаль орчны Дэд сайд М.Хүрэлсүх болон төрийн холбогдох яам, агентлагийн төлөөлөл 30 гаруй хүн багтсан байна. Шадар сайд төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой, Энержи Ресурс болон орон нутгийн өмчит Тавантолгой компанийн уурхайдтай нэг бүрчлэн танилцсан. Тэрээр говийн бүсэд явагдаж байгаа уул уурхай, бүтээн байгуулалтын ажлыг төр засгийнхан биеэр үзэж, танилцаж, асуудлыг бодитой харах нь чухал байгааг хэлсэн.
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Энержи Ресурс компанийн үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа хэлэхдээ:
Манай үндэсний компани ийм хэмжээний бүтээн байгуулалт хийгээд, улс эх орон, ард иргэддээ үр шимээ өгөөд явж байгаа юм байна. Өчнөөн олон хүн энд ажиллаж байна. Их сайхан бүтээн байгуулалт гэж харж байна. Ер нь манай улстөрчид, засаг төрийн удирдах түвшинд ажиллаж байгаа хүмүүс бүгд ирээд, Энержи Ресурстай энд газар дээр нь танилцах ёстой юм байна. Ер нь юмыг үзэж, харж байж тооцоолж ярина шүү дээ.
Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Дэд сайд М.Хүрэлсүх:
Маш их хөрөнгө оруулалт хийгджээ. 2011 онд нүүрсний үнэ сайн байсан. Энэ үеийг Ухаа Худаг төсөл их сайн ашиглаж чадсан байна. Тэр үед мөнгөж босгож чадаагүй бол ийм үйлдвэр, бүтээн босголт явагдаж чадахгүй байж гэдэг нь одоо мэдрэгдэж байгаа. Энд туслан гүйцэтгэж байгаа, бараа нийлүүлж байгаа, тээвэр хийж байгаа гээд бүгд монгол компаниуд юм байна. Хийсэн ажил нь илт нүдэн дээр харагдаж байна.
Шадар сайд Тавантолгойн бүсээс Цагаан хад, Гашуунсухайтын боомт хүртэлх нүүрс тээврийн асуудал, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, шороон замаар тээвэр хийж байгаа асуудлын уг шалтгаан, хүчин зүйлсийг компаниудын удирдлагуудаас сонссон юм. Хатуу хучилттай авто замын тариф өндөр, ялгавартай байгаа гэх шалтгаанаар олонх компаниуд дээрхи чиглэлийн нүүрс тээвэрлэлтийг шороон замаар хийсээр байгаа нь газар нутгийг талхалж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдгийг нутгийн иргэд, удирдлагууд хэлж буй. Одоогоор зөвхөн Энержи Ресурс компани хатуу хучилттай замаар, харин бусад компаниуд шороон замаар тээвэрлэлт хийж байгаа. Айлчлалын үеэр албаны хүмүүсзамын тарифтай холбоотой буруу зөрүү ойлголт байгааг залруулж, Шадар сайдад тодорхой тайлбарыг өгсөн байна. Энержи Ресурс компани 245 км авто замыг өөрийн хөрөнгөөр барьж 2011 онд ашиглалтад оруулсныг өнгөрсөн жил төр буюу Эрдэнэс МГЛ компани худалдаж авсан. Ингэхдээ замын төлбөр 118 сая доллараас тухайн үед 100 саяыгнь төлж,үлдсэн 18 сая долларыг замын хураамжаас суутган төлөхөөр тохирсонбайна. Засгийн газраас санал болгосон энэхүү нөхцлийн дагууЭнержи Ресурс компани0.75 долларын хураамж төлж, үлдсэн 0.75 долларыг нь төлбөрийн үлдэгдэлдээ суутган тооцуулдаг байна. Нэг үгээр хэлвэл бүх компаниудад ижил тэгш 1.5 ам.долларын тариф мөрдөгдөж байгааг албаны хүмүүс тайлбарласан байна. Шадар сайдын зүгээс говийн хөрсийг сүйтгэж байгаа шороон замын тээвэрлэлтийн асуудлыг зохих газруудад уламжилж, нэн яаралтай арга хэмжээ авна гэдгээ амласан юм.