Хаврын тэргүүн сар гарахаас урьтаж, билгийн тооллын битүүний өдөр гардуулдаг Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал Төрийн Гэрэгэ-г энэ жил Ухаа Худагийн уул уурхайн цогцолборт олголоо. Үндэсний Энержи Ресурс компанийн Өмнөговь аймаг дахь Ухаа Худаг уурхайн бүтээн байгуулалт 2009 оноос хойш өнөөг хүртэл эрчтэй өрнөхдөө Монголд төдийгүй дэлхийд жишиг болохуйц олон шинэ амжилтад хүрсэн. Цогцолборын хүрээнд Монголдоо анхдагч Нүүрс баяжуулах үйлдвэр, 18 мегаваттын цахилгаан станц, ус хангамжийн систем, 245 км хатуу хучилттай авто зам, орон сууцны хороолол баригдан өргөжиж байгаа юм. Нүүрс баяжуулах үйлдвэр нь нүүрс боловсруулалтын дэлхийд тэргүүлэгч технологид суурилж, Монгол нүүрсний олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд томоохон алхам болж чадсан бол Ухаа Худагийн цахилгаан станцыг дан монгол инженерүүдийн хамтын хүчээр анх удаа босгосон бөгөөд төвөөс алслагдсан бүсийн дэд бүтцийн хөгжилд томоохон ахицыг бий болгосон байна. Гол нь энэ бүх ажлыг монголчууд өөрсдийн хүчээр бүтээж, олон улсын жишиг түвшний уул уурхайн үйл ажиллагааг эх орондоо нэвтрүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар уг бүтээн байгуулалтын хүрээнд 5,000 орчим хүн ажлын байраар хангагдаж, дотоодын 650 гаруй аж ахуйн нэгж бэлтгэн нийлүүлэгч буюу гэрээт гүйцэтгэгчээр хамтран ажиллаж байгаа аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн Гэрэгэ шагнал гардуулах ёслолын үеэр хэлэхдээМонголчууд бид бүтээх ёстой, үйлдвэрлэх ёстой, хийх ёстой. Монголын инженерүүдийн, сайн менежерүүдийн хүчин зүтгэлээр Таван толгойд нүүрсний баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, олон улсын жишигт нийцсэн бусад сайхан цогцолборыг богино хугацаанд бүтээж бий болголоо. Энэ бол Монголын хөгжилд, Монголын бусад үйлдвэрлэгчдэд үлгэр жишээ болохуйц бүтээн байгуулалт гэж бодож байна. Энэ үйл хэрэгт гар бие оролцсон, хувь нэмэр оруулсан нийт бүтээлч иргэддээ, бүтээлч менежерүүддээ бүгдэд нь халуун баяр хүргэж сайн сайхныг хүсэн ерөөе. Энэ өндөр шагналынхаа эзэн болж яваарай, дахин та бүхэнд баяр хүргэегэсэн байна.
Ухаа Худагийн бүтээн байгуулалтыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж ажилласан Энержи Ресурс компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон олгож, үйлдвэрлэл, барилга угсралт, үйл ажиллагаа зэрэг голлох чиглэлүүдэд амжилттай ажилласан менежер, удирдах албаны зарим хүмүүсийг Алтан гадас болон Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнасан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 онд гаргасан зарлигийн дагуу улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд шинэ жишгийг авчирч, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, дэлхийн стандартыг нэвтрүүлж чадсан, онцгой түүхэн бүтээн байгуулалтыг жил бүр тодруулж, Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал Төрийн Гэрэгэ-г олгож байхаар тогтсон байдаг. Далайцтай, шинэ үйлсийг эх орондоо бий болгосон байгууллага, хамт олныг төрийн ёсоор урамшуулан шагнаж улмаар үндэсний бүтээлч сэтгэлгээг түгээн дэлгэрүүлэх зорилгыг агуулдаг нь энэхүү шагналын гол онцлог юм. Өнгөрсөн онд Төрийн Гэрэгэ шагналыг Британника нэвтэрхий толины монгол хувилбарыг бий болгосон оюуны их үйлст олгосон юм.