Орон нутгийн сургуулийн багш, ажиллагсдыг орон сууцаар хангав
2017-05-10
Орон нутгийн сургуулийн багш, ажиллагсдыг орон сууцаар хангав

Энержи Ресурс компани 2013 онд Өмнөговь аймгийн захиргаатай хамтран Цогтцэций суманд Мөрөөдөл сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулж өгөөд зогсохгүй Улаанбаатар хотоос туршлагатай багш, ажиллагсдыг урьж ажиллуулах, англи хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалт нэвтрүүлэх зэргээр боловсролын менежментийн цогц хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн юм.

Энэхүү урт хугацааны хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр бас нэгэн чухал алхам хийгдлээ. Тодруулбал, орон нутагт ажиллахаар шилжин суурьшсан, чадварлаг багш ажиллагсдыг тогтвор суурьшилтай ажиллуулахад нь дэмжлэг болгох үүднээс Цогтцэций суман дахь Цэций хорооллын нийт 483 сая төгрөгийн үнэ бүхий 6 орон сууцыг тус сургуульд олгохоор болсон байна. Орон нутагт ус, агаар шиг хэрэгтэй чадварлаг боловсон хүчин, чанартай боловсролыг дэмжихэд энэ бүхэн бодит хөрөнгө оруулалт болж байгаа юм.


Бусад мэдээ