ОЮУТНУУД УХАА ХУДАГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ТАНИЛЦЛАА
2012-07-23
ОЮУТНУУД УХАА ХУДАГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ТАНИЛЦЛАА

Энержи Ресурс компани энэ жил уламжлалт ёсоороо шилдгийн шилдэг оюутнуудыг ивээн тэтгэх хөтөлбөрөө амжилттай зохион байгуулж, 40 шилдэг оюутнаа шалгаруулсан билээ. Энэ жилийн нэг онцлог нь бид шалгарсан оюутнууддаа Ухаа Худаг салбартай танилцах боломж олгон, нийт 10 оюутанд үйлдвэрлэлийн дадлага хийх эрх олгосон явдал юм. Бид уурхайтай танилцах аяллыг 6 сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд оюутнууд аяллын явцад Ухаа Худаг уурхайгаас гадна Нүүрс баяжуулах үйлдвэр, усан сан, ойн зурвас, Цэций хороолол, говийн зам, Галерей кемп, Мөрөөдөл цэцэрлэг сургууль гээд Энержи Ресурс ХХК-ийн бүхий л бүтээн байгуулалттай танилцсан юм. Аялалд оюутнууд маань бүгд идэвхитэй оролцсон бөгөөд сэтгэл хангалуун үлдэж чадсан. Тэдгээрийн төлөөлөл болох нэгэн оюутны сэтгэгдэлийг та бүхэнд хүргэе.

2012.06.20-ны өглөө бүр эрт босоод өчигдрийн бэлдсэн зүйлсээ шалгаад гэрээс гарлаа. Улаанбаатар зочид буудал манайхтай ойрхон тул нэг их яарсангүй. Өмнө нь говьд очиж үзээгүй болохоор тун ч их сониучирхаж байсан юм. Говийн тухай миний төсөөлөл бол элс тэгээд гүрвэл л байсан юм. Хэр хол, хэр удаан явах гэж байгаагаа мэдэхгүй байсан ч эргэлзэх юмгүй хөдөлсөн. Эхэндээ бие биенээ дөнгөж 3 дахь удаагаа харж байгаа болохоор бага зэрэг биеэ барьж намбатай явсан. Мэдээж залуу хүн учраас удаан чимээгүй явсангүй, нэр нэрээ тогтоохын тулд хөгжөөнт тоглоом тоглож эхэллээ. 2 автобусанд хуваагдаж суусан ч манай автобусанд төдий л их хүүхэд суусангүй. Эхэндээ будилж нэрийг нь хольж сольж байсан ч одоо бол хараад л нэрийг нь хочтой нь хэлж чадахаар болсон нь бидний хэр дотно болсныг илтгэх юм болов уу. Мөн маш зугаатай явсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Бараг 12 цаг явсны эцэст зорьсон газартаа хүрлээ. Үүднээсээ авахуулаад л хяналт, зохион байгуулалт өндөр гэдэг нь илт мэдэгдэж байсан юм. Бүгд цагийн хуваарийг ягштал баримтлах ёстой ба говь нутаг гэхэд хүний хэрэгцээг бүрэн хангаж чадсан байсан нь надад үнэхээр гайхалтай санагдсан. Эхний өдөр нам гүм өнгөрлөө. Дараагийн өдөр нь өглөө эрт Ухаа Худагийн бүтээн байгуулалттай танилцах болж бид хамгаалалтын хувцас хэрэглэлээ бэлтгэн аюулгүй ажиллагааны дүрэмтэй танилцаад аялалдаа гарсан юм. Ер нь бол уурхай болон барилгын ажил эрхэлж байгаа компаниуд ажилчдын аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллыг маш сайтар мөрдөх ёстой гэж би хувьдаа боддог боловч миний мэдэх компаниуд төдийлөн биелүүлдэггүй байсан нь тун чамлалттай санагддаг байсан бол Энержи Ресурсд бол эсрэгээрээ хариуцлагатайгаар танилцуулж байсан. Аяллаар орсон газруудаас хамгийн сонирхолтой санагдсан хэсэг бол Ухаа Худаг Ус Хангамжийн газар байлаа. Аяллын танилцуулга дээр байсан УХУХ гэсэн нэрийг хараад анхандаа гайхснаа нуух юун. Говийн бүс нутгийн нэн тэргүүний тулгамдсан асуудал бол яалтгүй ус хангамж. Говь гэлтгүй дэлхий нийтээрээ цэвэр усны нөөц тун хомсдож усыг ариг гамтай хэрэглэх аргыг эрэлхийлж байгаа билээ. Ус хангамжаа дагаад Цогтцэций сумын усны хэрэглээг шийдэж чадсан. Ухаа Худагийн хувьд бол дэд бүтцэд эерэгээр нөлөөлж чадсан нь үнэхээр гайхалтай. Эндэхийн байгууламжууд тус бүрдээ бие биенээ түшиглэн хөгжиж байгаа нь энгийн мөртлөө агуу санаа. Мөн нийгмийн хариуцлагаа ухамсарлан Цогтцэций суманд байгуулсан Мөрөөдөл сургуулийг хараад надад тун таатай санагдсаныг дурьдалгүй өнгөрч болохгүй. Ингээд тоочоод байвал магтах зүйл олон бий. Энэ аяллаар та бүхнээс миний авсан хамгийн том бэлэг бол хүндлэл нөхөрлөл байсан шүү. Бидэнтэй хамт явсан Энержи Ресурс ХХК-ийн Хүний нөөцийн албаны эгч ах нартаа дахин талархал илэрхийлье. Цаашид хамтдаа илүү ихийг хийж бүтээнэ гэдэгтээ итгэлтэй байна.

Хүндэтгэн ёсолсон: ШУТИС-БИАС-ийн оюутан А.Номинцацрал


Бусад мэдээ