УХАА ХУДАГИЙН ЦАХИЛГААН СТАНЦ АШИГЛАЛТАД ОРЛОО
2011-07-10
УХАА ХУДАГИЙН ЦАХИЛГААН СТАНЦ АШИГЛАЛТАД ОРЛОО

Ухаа Худаг уурхайн дэд бүтцийн цогц шийдлийн хүрээнд 18 мегаваттын цахилгаан станц баригдаж, үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. Шинэ цахилгаан станц уурхайн цогцолборын эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй төвийн эрчим хүчний системээс алслагдсан Цогтцэций сумыг тог цахилгаанаар найдвартай хангаж байна. Хүн ам тарж байрласан, дэд бүтцийн хөгжил сул, цаг агаарын эрс тэс нөхцөлтэй манай орны хувьд сүүлийн 20-иод жилийн хугацаанд цахилгаан станц шинээр баригдсан тохиолдол байхгүй. Тэр дундаа дан монгол инженерүүдийн ур ухаанаар, богино хугацаанд баригдсан гэдгээрээ энэхүү бүтээн байгуулалт онцлог болж байна. Нэг аймгийн эрчим хүчний хэрэглээ ойролцоогоор 3 мегаватт байдаг гэж хамгийн энгийнээр тооцвол, дунджаар 6 аймгийн төвийн эрчим хүчний хэрэглээг хангахуйц боломжтой эх үүсвэр ийнхүү шинээр бий боллоо.

Цахилгаан станцын төслийн менежментийг дотоодын эрчим хүчний салбарт 20 шахам жилийн туршлагатай М-Си-Эс Интернейшнл компани гүйцэтгэсэн бөгөөд төслийн ажилд дотоодын нийт 120 орчим компанийн 1500 гаруй хүн гар бие оролцжээ. Дэд бүтцийн шийдэл өндөр хөгжсөн, цаг агаарын таатай нөхцөлтэй БНХАУ гэх мэт орнуудад төстэй цахилгаан станцыг 24-30 сард багтаан барьдаг бол Ухаа Худагийн цахилгаан станцыг барилгын ажил явагдах боломжгүй өвлийн улирлыг хасч тооцвол ердөө 16 сарын хугацаанд, өндөр хурдтайгаар, чанарын өндөр түвшинд барьж байгуулсан байна. Мөн шинэ цахилгаан станц ашиглалтад орсноор 140 гаруй ажлын байр шинээр бий болж байгаа юм.

Технологийн шийдлийн хувьд усаар хомс говь нутгийн онцлогт нэн тохиромжтой, усны 0 хэрэглээ бүхий хуурай хөргөлтийн системийг амжилттай нэвтрүүлсэн нь Монголд одоо ажиллаж буй цахилгаан станцуудад түгээмэл ашиглагддаг усны хөргөлтийн системтэй харьцуулахад усыг даруй 4-5 дахин хэмнэлттэй ашиглах боломжийг бүрдүүлж байгаа юм байна.


Бусад мэдээ