“УХАА ХУДАГ 2012” НААДАМ ӨНГӨТЭЙ САЙХАН БОЛЛОО
2012-08-24
“УХАА ХУДАГ 2012” НААДАМ ӨНГӨТЭЙ САЙХАН БОЛЛОО

Говь шанхын дэлгэр нутагт нар хур тэгшрэх цагаар жил бүр зохиогддог Ухаа Худагийн наадам энэ жил өмнөх жилүүдийнхээс илүү өргөн дэлгэр, өнгөтэй сайхан болж өнгөрлөө. Энержи Ресурс ХХК-иас Өмнөговь аймгийн Цогтцэций суманд өдгөө 4 дэх жилдээ зохион байгуулж буй уг наадам Ухаа Худагийн бүтээн байгуулалт, түүнийг дагасан их ажил үйлсийн баяр болоод зогсохгүй нутгийн олон түмний хамтаар уул ус, газар орондоо мялаалга өргөж, төрт ёсны уламжлалаа сэргээх сайхан боломжийг олгодог арга хэмжээ билээ.
8-р сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан Ухаа Худаг 2012 наадамд дан ганц Өмнөговьчүүд гэлтгүй нутаг нутгийн хүчит бөхчүүд, алдарт уяачид, эрхий мэргэн харваачид ирж өрсөлдсөн нь наадмын цар хүрээ жилээс жилд өргөжиж, бүс нутгийнхны хүсэн хүлээдэг арга хэмжээ болж чадсаныг илтгэж байлаа. Хүчит бөхийн барилдаанд нийт 128 бөх зодоглосноос улсын арслан Х.Мөнхбаатар түрүүлж, улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэсэн бол сурын харвааны тэмцээнд улс, аймгийн цолтой нийт 34 мэргэн харваач 40 сум тавьж өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн 1-р байранд Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, МУ-ын спортын мастер Д.Чулуунбаяр, эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн төрөлд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат, МУ-ын спортын мастер Б.Сугир нар тус тус тэргүүллээ. Хурдан морины уралдааны тухайд нийт 3 насны 100 гаруй шандаст хурдан хүлэг тоосоо өргөснөөс их насны ангилалд Дундговь аймгийн Луус сумын уяач Ч.Алтансүхийн алаг түрүүлж Өмнөговь аймгийн Номгон сумын уяач Т.Ганжаргалын хул морь аман хүзүүдсэн. Өхөөрдөм хөөрхөн дааганы уралдаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Х.Түмэнбаярын зээрд даага түрүүлж, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уяач С.Ганбаярын хээр аман хүзүүдсэн бол соёлон насанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Н.Алдаржаргалын хонгор, хар зүсмийн 2 морь түрүү болон аман хүзүүнд дараалан ирж хурсан олныг баясгасан юм.
Түүх, соёлын баялаг уламжлалтай говь нутгийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах нь Ухаа Худаг наадмын бас нэгэн зорилго. Иймдээ ч Энержи Ресурс ХХК-иас жил бүр зохион байгуулдаг Говь шанхын уртын дууны наадмын оролцогчдоос аваад Цэцийн жонон аялгууг эгшиглүүлэгч алдарт хуурч Ё.Нэргүй, түүний шавь бяцхан хуурчид гээд нутгийн олон авьяастан наадмын арга хэмжээнд оролцсон. Наадамчин олны дундаас сайхан морьтой, сайхан хос шалгаруулж шагнан урамшуулдаг нь ч мөн л монгол түмний эртний сайхан уламжлалыг сэргээх зорилготой бөгөөд өдгөө Ухаа Худаг наадмын сонирхолтой нэгэн тодотгол болж чадсан байна. Тэрчлэн наадмын нээлт болон уламжлал болон зохиогддог үдшийн шоу цэнгүүнд МУ-ын төрийн соёрхолт дуучин Д.Болд, Sweety motion, A-Sound хамтлаг зэрэг алдартай уран бүтээлчид ирж ая дуугаа өргөсөн нь баяр дээр баяр нэмж, хурсан олныг цэнгүүлсэн юм.


Бусад мэдээ