“УХАА ХУДАГ 2019” ДЭЛГЭР САЙХАН БОЛЛОО
2019-08-12
“УХАА ХУДАГ 2019” ДЭЛГЭР САЙХАН БОЛЛОО

Говь нутгийн өв, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн зон олонд хүндэтгэл үзүүлэх зорилготой Ухаа худаг наадам 8-р сарын 9-10 өдрүүдэд дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Наадамд улс, аймаг, сумын цолтой 128 хүчит бөх, өсвөрийн 32 бөх, Энержи Ресурс компанийн ажиллагсдын төлөөлөл 32 бөх хүч үзэн барилдсанаас үндсэн барилдаанд Аймгийн арслан М.Адъяахүү түрүүлж, аймгийн хурц арслан Д.Мижиддорж үзүүрлэлээ. Өсвөрийн бөхчүүдийн барилдаанд Ханхонгор сумын харъяат, 7-р сургуулийн сурагч У.Батхишиг түрүүлж, Цогтцэций сумын Мөрөөдөл сургуулийн сурагч Б.Шинэбаяр үзүүрлэсэн бол ажиллагсдын барилдаанд Паблик сервис компанийн бөх А.Ихтэнгэр түрүүлж, USS компанийн ажилтан Т.Баяржаргал үзүүрлэж наадамчин олноо баярлуулсан юм.

Үндэсний сурын харваанд улс, аймгийн цолтой, чансаа өндөр 101 мэргэн харваач, өсвөрийн 32 харваач оролцсоноос эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн төрөлд Аймгийн мэргэн, спортын мастер Э.Батсүх, эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн төрөлд спортын дэд мастер Х.Даваацэцэг, өсвөрийн эрэгтэй харваачдаас Т.Хаш-Эрдэнэ, эмэгтэй харваачдаас А.Ариун-Эрдэнэ нар тус тус түрүүлж, хурсан олноо баясгалаа.

Хурдан морины уралдаанд 7 аймгийн, нийт 6 насны 148 шандаст хурдан хүлэг уралдсанаас азарганы уралдаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Г.Гончигийн буурал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Н.Амгалангийн халиун, соёолон насанд Өмнөговь аймгийн Номгон сумын уяач Т.Ганжаргалын хар, хязаалан насанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач С.Мөнхтөрийн хар, шүдлэнд насанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Б.Тогтохын ягаан халзан, дааган насанд Өмнөговь аймгийн Ханбогд сумын уяач Б.Ууганбаярын хээр халзан даага тус тус түрүүлж уясан эзэн, хурсан олон, унасан хүүхдээ баярлууллаа.

Шагайн харваанд улс, аймаг, сумын цолтой 14 багийн 130 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс багийн харваанд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын МУ-ын үлэмж дархан мэргэн Б.Түвшинбаяр ахлагчтай баг 1-р байр эзэлсэн бол хурууны хувийн цуваа харваанд МУ-ын хурц мэргэн Э.Самданжигмэд түрүүлж, чавхны хувийн цуваа харваанд Улсын Хүндэт харваалч Ц.Бээжин тус тус түрүүлж, наадамчин олноо баясгасан юм.

Мөн наадмын үеэр олон түмний талархлыг хүлээсэн баярт үйл явдлууд давхацан тохиосон юм.Энержи Ресурс компани орон нутгийг дэмжих Сайн хөрш хөтөлбөрийн хүрээнд хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций, Ханхонгор сумдад хог ачих тусгай зориулалттай нийт 9 автомашиныг хандиваар хүлээлгэн өглөө. Мөн авто ослын улмаас хараагүй болох аюулд өртөөд буй Цогтцэций сумын харъяат Ц.Батцэцэг охины гадаадад эмчлүүлэх зардалд зориулсан 10 мянган долларын хандиваа наадамчин олны өмнө гардуулсан юм.

Ийнхүү 10 дахь жилдээ уламжлал ёсоор зохион байгуулагдсан Ухаа худаг 2019 наадам нутаг нутгийн хүчит бөхчүүд, алдарт уяачид, эрхий мэргэн харваачдыг цуглуулж, хурсан олныг баярлуулсан сайхан наадам боллоо.


Бусад мэдээ