Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд өндөрт өргөж, амжилт бүтээлээрээ тэргүүлж яваа байгууллага, хувь хүмүүсийг тодруулдаг Дэлхийн Монгол арга хэмжээ хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр 2 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Улс төр, урлаг спорт, шинжлэх ухаан гээд нийгмийн бүхий л салбарын төлөөллөөс нэр дэвшүүлж, олон нийтийн санал асуулгаар тодруулсан Дэлхийн Монгол-оор үндэсний уул уурхайн компани Энержи Ресурс ХХК, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Монголын нэрийн хуудас болж, эх орноо тив дэлхийд сурталчилсан Морин хуурын чуулга, МУГЖ балетчин Д.Алтанхуяг, дэлхийд танигдсан монгол мэргэжилтэн, хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга Б.Болд, археологич Л.Эрдэнэболд, дэлхийгээр тархсан Монголчуудын мэдээллийн гүүр orloo.com, техник технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалтаар тэргүүлэгч Иргэний нисэхийн ерөнхий газар гэх 9 алдартан тодорчээ. Энержи Ресурс компанийн хувьд олон нийтийн саналаар 2 дахь жилдээ Дэлхийн Монгол-оор тодорсон нь энэ удаагийн шалгаруулалтын бас нэг онцлог байлаа. Өнгөрсөн жилийн хувьд тус компани Монголын үндэсний компаниудаас анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлд гарч, дэлхий нийтийн хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээсэн амжилтаараа Дэлхийн Монгол-оор шалгарч байсан бол энэ жилийн тухайд Ухаа Худаг төслийн хүрээнд Монголын инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар дэлхийн түвшинд хүрсэн гэдгийг олон үзүүлэлтээр нотолж чадсан гэж зохион байгуулагчид нь онцолж байлаа. Дэлхийн Монгол арга хэмжээг үндэсний өдөр тутмын хэвлэл Өдрийн шуудан сонин, Top.mn вебсайттай хамтран зохион байгуулдаг юм.
МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн Х.Цэвэлээ Энержи Ресурс компанийн удирдлагад цом гардуулж өгөх үеэр хэлэхдээ:Дэлхийд нэрээ гаргаж байгаа Монголын толгой компани гэж би боддог. Монголд баяжих уу, хөгжих үү гэсэн хоёр асуудал байгаа. Хөгжинө гэдэг бол юм бүтээхийн нэр. Тийм учраас жинхэнэ бүтээн байгуулалтыг өрнүүлэн, хөгжиж байгаа Энержи Ресурс компанийг Дэлхийн Монгол байгууллагаар өргөмжилсөн нь үнэхээр нүдээ олсон явдал боллоо гэж онцолсон.