Монгол Улсын эдийн засагт хамгийн том хувь нэмэр оруулж буй ТОП 100 аж ахуйн нэгжийг шалгаруулах ёслолын арга хэмжээ 2018 оны 4-р сарын 27-нд Төрийн ордонд боллоо. Тус шалгаруулалтанд Энержи Ресурс компани айргийн тав-д багтан, Монгол Улсын 2017 оны ТОП 5 аж ахуйн нэгжийн нэг боллоо.
Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэхдээ компаниудын тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг харгалздаг. Энержи Ресурс компани 2017 онд улсын төсөвт татвар шимтгэл хэлбэрээр 87 тэрбум төгрөг төвлөрүүлж, 3,000 орчим хүнийг шууд болон шууд бус ажлын байраар ханган ажилласан төдийгүй дотооддоо нэмүү өртөг шингээн баяжуулсан коксжих нүүрсэн бүтээгдэхүүн борлуулж, 476 сая ам.доллар буюу 1.2 их наяд орчим төгрөгийн экспортын орлогыг улсын эдийн засагт оруулсан байна. Мөн нийгмийн сайн сайханд чиглэсэн цогц төсөл, хөтөлбөрүүдийг компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэн салбартаа манлайлж ирсэн нь энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэх гол үзүүлэлт болсон юм.