2010-2014 онд татвар төлөлтийн хэмжээгээр тэргүүлж буй 100 аж ахуйн нэгжийн жагсаалтыг Монголын татварын албанаас гаргажээ. Энэхүү жагсаалтыг Эрдэнэт үйлдвэр 2 их наяд 93.4 тэрбум төгрөгөөр тэргүүлсэн бол араас нь Оюутолгой 493.5 тэрбум төгрөг, АПУ 442.4 тэрбум төгрөг, Энержи Ресурс ХХК 327.9 тэрбум төгрөг, Монголын Алт буюу МАК корпораци 326.6 тэрбум төгрөгийн татвар төлөлттэйгээр тус тус бичигдэж, айргийн тав-д орсон байна. Нэг үгээр хэлвэл жагсаалтын эхний 10-т бичигдсэн арван компани улсын нийт төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлжээ.
Ийнхүү жагсаалтын 4-т бичигдсэн нь зөвхөн Энержи Ресурс ХХК(327.9 тэрбум төгрөг)-ийн татварын дүн бөгөөд үүнд охин компаниудын төлсөн татвар багтаагүй болно. Энержи Ресурс ХХК нь нийт 8 охин компанитайгаар үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс ТОП 100 жагсаалтад Энержи Ресурс Майнинг (жагсаалтын 20-рт бичигдсэн, 63.6 тэрбум төгрөг), Транс гоби (жагсаалтын 73-т бичигдсэн, 10.5 тэрбум төгрөг)зэрэг охин компаниуд тусдаа бичигдэж орсон байна. Группын хэмжээнд буюу бүх охин компаниудын хамтаар 2010-2014 онд улсад төлсөн татварын дүнг авч үзвэл Энержи Ресурс компани өнгөрсөн 5 жилийн хугацаанд нийт 660 гаруй тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.