ЭНЕРЖИ РЕСУРС ХХК ТОП 150 АЖ АХУЙН НЭГЖИЙН ШАЛГАРУУЛАЛТЫН 3-Т ЖАГСЛАА
2012-05-21
ЭНЕРЖИ РЕСУРС ХХК ТОП 150 АЖ АХУЙН НЭГЖИЙН ШАЛГАРУУЛАЛТЫН 3-Т ЖАГСЛАА

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/-аас Монгол Улсын Засгийн газартай хамтран 11 дэх жилдээ зохион байгуулж буй ТОП 150 аж ахуйн нэгжийн шалгаруулалтад үндэсний уул уурхайн Энержи Ресурс ХХК 3 дугаар байр эзэллээ. Шалгаруулалтыг улсад төлсөн татварын хэмжээ, ажлын байр бий болгосон байдал, үндэсний нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, нийгмийн хариуцлага, компанийн сайн засаглалын түвшин гээд олон шалгуур үзүүлэлтэд үндэслэдэг. Энэ жилийн тухайд 1-р байрт М-Си-Эс групп бичигдэж, үндэсний аж ахуйн нэгжүүдийг тэргүүлсэн бол Монголын Алт Корпорац /МАК/ 2-р байрт жагсчээ.
Харьцангуй залуу компанид тооцогдох Энержи Ресурс ХХК ийнхүү үндэсний аж ахуйн нэгжүүдийн шалгаруулалтын эхний 3-т багтаж, улс орны эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахуйц хэмжээнд хүрсэн нь тус компанийн богино хугацаанд хурдацтай өрнүүлж чадсан бүтээн байгуулалтын далайц, менежментийн оновчтой шийдэл, үйл ажиллагааны цогц төлөвлөлттэй холбоотой гэж зохион байгуулагчид үзэж байна.

2009 онд буюу Ухаа Худаг уурхайд үйл ажиллагаа эхэлсэн эхний жилд тус компани улсад 13 тэрбум төгрөг төлж байсан бол 2010 онд 54 тэрбум, 2011 онд 115 тэрбум төгрөгийг тус тус улсын төсөвт төвлөрүүлжээ. Зөвхөн 2011 онд тус компаниас улсад төлсөн татварыг энгийн жишээгээр дүйцүүлж бодвол Монголын 21 аймгийн жилийн төсвийг бүрдүүлээд дээр нь илүү гарахуйц хэмжээний мөнгө аж.

Өнөөдөр Энержи Ресурс ХХК-ийн үндсэн ажиллагсдын тоо 2,300-д хүрсэн төдийгүй Ухаа Худаг уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд 3,000 гаруй хүн ажлын байраар хангагдаж байна. Мөн дотоодын нийт 700 орчим аж ахуйн нэгж Ухаа Худаг төслийн хүрээнд туслан гүйцэтгэгч ба ханган нийлүүлэгчээр хамтран ажиллаж байгаа юм. Энэ бүхэн дотоодын аж ахуйн нэгжүүд богино хугацаанд чадавхижиж, улс, нийгмийн ачаанаас таталцаж, жинтэй үүрэг гүйцэтгэхүйц хэмжээнд бүрэн хүрснийг илтгэж байна.

Энержи Ресурс ХХК-ийн хувьд нийгмийн хариуцлагын бодлогыг цогцоор хэрэгжүүлдэг нь дан ганц уул уурхайн салбарт төдийгүй улсын хэмжээнд жишиг болохуйц байгааг мэргэжлийн хүмүүс үнэлж байна. Компани өнгөрсөн 3 жилийн хугацаанд Ухаа Худагт Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, хатуу хучилттай авто зам, ус хангамжийн систем, орон сууцны хороолол гэх зэрэг дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхдээ орон нутгийн хөгжлийн бодлого, хот төлөвлөлттэй нягт уялдуулж, ирээдүйд уурхай дагасан хот суурин босох эхлэлийг тавьжээ. Энэ бүхний дүнд олон жилийн турш тог цахилгаангүй байж ирсэн Өмнөговь аймгийн Цогтцэций сум эрчим хүчээр найдвартай хангагдах болсноос гадна уурхайн усан хангамжийн системийн хүрээнд сумын хүн амын ундны цэвэр усны асуудал ч шийдэгдсэн байна. Цаашлаад Өмнөговь Улаанбаатарын хооронд ирж буцан зорчдог ажиллагсдын нийгмийн асуудал бүрэн шийдэгдэж, тохилог орон сууцанд төвхнөж, үр хүүхдүүдээ шинээр байгуулагдсан бага сургууль, цэцэрлэгийн цогцолборт сургаж, хүмүүжүүлэх боломжтой болжээ. Энержи Ресурс ХХК тэрчлэн аймаг, орон нутагтай хамтарсан хөрөнгө оруулалт хийх замаар Цогтцэций суманд 640 хүүхдийн сургууль, 100 хүүхдийн цэцэрлэг, 150 хүүхдийн дотуур байр бүхий боловсролын орчин үеийн цогцолбор барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа нь хүн амын төвлөрөл нэмэгдэж буй сумын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах юм байна.


Бусад мэдээ