Mongolian Mining Journal сэтгүүлээс 2 дахь жилдээ зохион байгуулж буй Mining Journal Awards 2011 шалгаруулалтад Энержи Ресурс ХХК амжилттай оролцож, нэр хүндтэй 2 номинацид шагнал хүртлээ. Тодруулбал, нийгмийн хариуцлагын чиглэлд хийж, хэрэгжүүлж байгаа ажил үйлсээрээ Уул уурхайн хариуцлагатай үйл ажиллагаа төрөлд ялалт байгуулсан төдийгүй шалгаруулалтын хамгийн нэр хүндтэй, дээд шагнал болох Гран при-г хүртжээ. Энэхүү шагналыг шалгаруулалтын нийт 5 чиглэл тус бүрт дээд үнэлгээ авч, оны туршид өндөр үзүүлэлттэй ажилласан компанид олгодог байна.
Уул уурхайн салбарт бий болж буй ахиц дэвшил, шинэ, шилдэг үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах зорилготой энэхүү шалгаруулалтыг мэргэжлийнхээ чиглэлд өндөр нэр хүнд бүхий шүүгчид нарийн тогтоосон шалгууруудын дагуу шүүн явуулдаг. Мөн олон нийт болон мэргэжлийн байгууллагуудын дунд онлайн хэлэлцүүлэг явуулж, шалгаруулалтын үр дүнг хамгийн бодитой, хараат бус байдлаар тодорхойлдог онцлогтой.
Өмнөх жилийнхтэй харьцуулахад энэ жилийн шалгаруулалт илүү өргөн цар хүрээг хамарч, оролцох байгууллагуудын тоо нэмэгдсэн учир өрсөлдөөн ч хүчтэй явагдсан гэж зохион байгуулагчид дүгнэж байна. Шалгаруулалтын бусад номинацуудад Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн ил уурхай, Пибоди Винсвэй Ресурс, Таван талст, Хүннү Көүл зэрэг компаниуд шагнал хүртжээ. Өнгөрсөн онд Энержи Ресурс компани тус шалгаруулалтын Уул уурхайн шилдэг үйл ажиллагаа төрөлд ялагчаар тодорч байсан юм.