2018 оны 3-р сарын 22-нд Mongolian Mining Corporation буюу Энержи Ресурс компани 2017 оны санхүүгийн ба үйл ажиллагааны аудитлагдсан тайлангаа олон нийтэд албан ёсоор танилцууллаа.
Өнгөрсөн онд тус компани 8.3 сая тонн нүүрс олборлон, 8 сая тонн нүүрсийг дотооддоо боловсруулж, нийт 4.4 сая тонн баяжуулсан нүүрсэн бүтээгдэхүүн экспортолсон байна. Үүнээс 3.6 сая тонн нь баяжуулсан коксжих нүүрс, 0.8 сая тонн нь баяжуулсан эрчим хүчний нүүрс байжээ.
Өнгөрсөн онд компани нэг тонн баяжуулсан коксжих нүүрсний үнийг дунджаар 130.3 ам.долларт хүргэж, 2016 оны түвшнээс 70 орчим хувиар өсгөснөөр борлуулалтын нийт орлого 476 сая ам.долларт хүрч, 2016 оны санхүүгийн тайлантай харьцуулахад бараг 4 дахин өссөн байна.
Тэрчлэн компанийн санхүүгийн үзүүлэлтүүд 2017 онд ихээхэн сайжирсныг тайлангаас харж болно. Тухайлбал, жилийн нийт ашиг 202.6 сая ам.доллар гарсан бол зээлийн бүтцийн шинэчлэлийг амжилттай явуулснаар нийт цэвэр ашгийн хэмжээ 310 сая ам.доллар буюу 760 орчим тэрбум төгрөгт хүрчээ. Одоогоор тус компани нь нүүрсийг дотооддоо боловсруулж, баяжуулсан бүтээгдэхүүн болгон экспортолж буй Монголын цорын ганц аж ахуйн нэгж юм.