ENTREPRENEUR-2010 НААДМЫН ГРАНПРИ ШАГНАЛЫГ ЭНЕРЖИ РЕСУРС АВЛАА
2010-12-31
ENTREPRENEUR-2010 НААДМЫН ГРАНПРИ ШАГНАЛЫГ ЭНЕРЖИ РЕСУРС АВЛАА

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас тухайн оны шилдэг бизнес эрхлэгчдийг тодруулж, үндэсний нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгжүүдийн ололт, амжилтыг хөхүүлэн дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Entrepreneur-2010 наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа 14 дэх жилдээ амжилттай болж өнгөрлөө. Нийт 10 номинацид Монголын бизнесийн салбарт нэр нөлөө бүхий, тэргүүлэгч компаниуд өрсөлдсөнөөс экспортыг нэмэгдүүлж, үндэсний эдийн засаг, цэвэр үйлдвэрлэлд хувь нэмэр оруулсан байдал, ажлын байр шинээр бий болгосон байдал, шинэ техник технологи, дэвшилтэт ажиллагааг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байдал гэх зэрэг мэргэжлийн олон шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзсэний үндсэн дээр салбарын шилдгүүд болон Топ 10 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг юм.

2010 оны тэргүүлэгч аж ахуйн нэгжээр Петровис ХХК, Бишрэлт Холдинг, Монос групп, Наран фүүдс, Өгөөж чихэр боов ХХК, UFC групп, Хаан банк, Эрдэнэт хивс ХХК болон Юнител ХХК тус тус шалгарсан бол бизнесийн салбарын шилдэгийн шилдэг буюу Гран При цомын эзнээр үндэсний уул уурхайн компани Энержи Ресурс тодорлоо.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа Худаг нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг Энержи Ресурс компани салбартаа төдийгүй улсын хэмжээнд анхдагчид тооцогдох, дэд бүтцийн олон чухал төслийг хэрэгжүүлж байгаа төдийгүй өнгөрч буй 2010 онд үндэсний компаниудаас анх удаа олон улсын зах зээлд хувьцаагаа амжилттай гаргаж, дэлхийн хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэлийг нэмэгдүүлэх цоо шинэ алхмыг хийсэн юм.

Тус компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл энэхүү нэр хүндтэй шагналыг гардан авах үеэр хэлэхдээ манай компанийн эхлүүлсэн дэд бүтцийн төслүүд ирэх онд ашиглалтанд орсноор, Монголын уул уурхайн салбарт нэгэн шинэ шатыг ахиулна гэж итгэж байгаа. Австралийн технологид суурилсан, жилдээ 5 сая тон нүүрс баяжуулах хүчин чадал бүхий үйлдвэр Ухаа Худагт баригдаж байгаагаас гадна 18 мегаваттын цахилгаан станцыг цэвэр монгол инженерүүдийн хамтын хөдөлмөр, ур ухаанаар анх удаа барьж босгож байна. Цаашлаад усан хангамжийн дэвшилтэт систем болон Ухаа Худагийг Гашуун сухайттай холбосон 245 км, хатуу хучилттай авто зам ирэх онд ашиглалтанд орно. Эдгээр төслүүдийг дагаж шинэ ажлын байрууд олноор бий болохоос гадна технологийн хувьд говь нутгийн онцлогийг харгалзсан, хамгийн бүтээмж өндөртэй технологиудыг Монголд анх удаа нэвтрүүлж байгаагаараа онцлог... гэсэн юм.


Бусад мэдээ