Энержи Ресурс компаниас сүүлийн арван жил тууштай хэрэгжүүлсээр ирсэн“Орон нутгийн жижиг, дунд бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн тайлан өдөрлөг, форумыг Цогтцэций суманд амжилттай зохион байгууллаа. Бид Цогтцэций суман дахь Хас банкны салбартай хамтран 2012 оноос эхлүүлсэн уг хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн 6 сумын 81 иргэнд нийт 600 орчим сая төгрөгийн хүүгүй зээл олгожээ.
“Хамтдаа хөгжье” уриатай зохион байгуулагдсан форумд Цогтцэций сумын нийт 200 орчим бизнес эрхлэгч оролцож, туршлагаасаа хуваалцаж, үзэсгэлэн худалдаагаар бараа үйлчилгээгээ танилцуулснаас гадна Улаанбаатараас зорин ирсэн бизнесийн зөвлөх, менторуудаас шинэ сонирхолтой мэдээ, мэдээлэл сонслоо. Хэлэлцүүлгийн үеэр хөтөлбөрт хамрагдсан орон нутгийн жижиг бизнесүүдийн дийлэнхи нь өргөжин хөгжиж, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ нэр төрлийг олшруулж, Цогтцэций төдийгүй ойролцоох сумдад байнгын хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэй болсон нь оролцогчдод ихээхэн урам дэм өгч байсан юм.
Цаашид орон нутагт ЖДҮ-ийг хөгжүүлэхэд ямар бэрхшээл, боломжууд байгаа талаар хамтдаа ярилцаж, гарц шийдлийг хэлэлцэн зөвлөмж гаргасан үр дүнтэй арга хэмжээ боллоо. “Хамтдаа хөгжье” орон нутгийн ЖДҮ эрхлэгчдийн форумыг хамтран анх удаа амжилттай зохион байгуулсан Цогтцэций сумын Засаг даргын тамгын газар, Тийсс компани, Хас банкны Цогтцэций салбарын хамт олонд баярлалаа.