МОНГОЛДОО АНХ УДАА ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНД ХАМРАГДЛАА
2023-09-13
МОНГОЛДОО АНХ УДАА ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНД ХАМРАГДЛАА

Манай компани 2019 онд Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (МУУҮА)-ийн “Хариуцлагатай уул уурхайн кодекс”-т нэгдсэн анхны 8 компанийн нэг билээ. Энэ хүрээнд тус ассоциациас хэрэгжүүлсэн “Хариуцлагатай уул уурхай” хөтөлбөрийн хөндлөнгийн үнэлгээнд манай компани оролцон 93.28 хувиар үнэлэгдлээ.  

Хөндлөнгийн үнэлгээг Австрали Улс, Монгол Улсын Засгийн газрын хамтарсан АМЕП2  хөтөлбөрийн санхүүжилтээр МУУҮА-иас бэлтгэж сертификатжуулсан “Хариуцлагатай уул уурхай” хөтөлбөрийн хараат бус хөндлөнгийн үнэлгээний 3 хүнтэй баг хийж гүйцэтгэсэн. Хэрэгжилтийг тус хөтөлбөрийн 5 хамрах хүрээ, 29 шаардлагын хүрээнд 84 шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэсний эцэст хөндлөнгийн үнэлгээний тайланг бидэнд хүлээлгэн өглөө.

Үнэлгээг гаргахдаа компанийн холбогдох албан тушаалтнууд болон Цогтцэций сумын Засаг дарга, цэцэрлэг, сургуулийн удирдлага, орон нутгийн төрийн бус байгууллагын болон нөлөөллийн бүсийн иргэд, малчдын төлөөлөлтэй уулзсанаас гадна компанийн хүрээнд хэрэгжиж буй 21 төрлийн багц бодлогын бичиг баримттай танилцаж шалгажээ. Цаашид МУУҮА-н дэргэд байгуулагдах Олон талт зөвлөлийн хурлаар тус аудитын үнэлгээг хэлэлцүүлж баталгаажуулан, хариуцлагатай уул уурхайн зэрэглэл тогтоох аж.

 

Мөн “Хариуцлагатай уул уурхайн кодекс”-т нэгдсэн нийт 37 компани тус бүрт энэхүү хөндлөнгийн аудит хийгдэнэ. Энэ нь эрдэс баялгийн салбар даяар хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд томоохон алхам болох юм.

 


Бусад мэдээ