Говь нутгийн өв, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн зон олонд хүндэтгэл үзүүлэх, орон нутагт шилжин суурьшсан ажиллагсаддаа урам зориг бэлэглэх зорилготой “Ухаа худаг” наадам маань цар тахлын хүндрэлтэй сүүлийн хоёр жилийг эс тооцвол жил бүр уламжлал болон зохиогдож ирсэн билээ. Соёлын өвийг дэмжигч Энержи Ресурс компаниас 8-р сарын 12-13-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгуулсан “Ухаа худаг 2022” наадамд нутаг нутгийн хүчит бөхчүүд зодоглож, хурдан хүлгүүд нь шандсаа өргөж, мэргэн харваачид нь цэцээ сорьж, тэнэгэр говийн тэнүүн талдаа зон дэлгэр сайхан наадлаа.Ухаа худаг наадамд улс, аймаг, сумын цолтой 128 хүчит бөх, өсвөрийн 32 бөх, Энержи Ресурс компанийн ажиллагсдын төлөөлөл 48 бөх хүч үзэн барилдсанаас үндсэн барилдаанд сумын заан С.Баярбаатар түрүүлж, сумын заан С.Баяртөгөлдөр үзүүрлэлээ. Ажиллагсдын барилдаанд Энержи Ресурс компанийн Дэд бүтцийн албаны ажилтан, сумын заан С.Даваасүрэн түрүүлж, “Паблик сервис” компанийн ажилтан А.Ихтэнгэр үзүүрлэлээ. Хурдан морины уралдаанд 11 аймгийн, нийт 5 насны 140 шандаст хурдан хүлэг уралдсанаас их насанд Өмнөговь аймгийн Манлай сумын харъяат, Аймгийн алдарт уяач Ө.Мөнхтайваны хээр, соёолон насанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Б.Хүрэлбаатарын хар, хязаалан насанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат, Аймгийн алдар уяач Г.Батнямын хонгор, шүдлэн насанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Г.Батцэнгэлийн зээрд, дааган насанд Архангай аймгийн Цэнхэр сумын харъяат, Аймгийн алдарт уяач Д.Тогтохын шарга даага тус тус түрүүлж уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа.Сурын харваанд улс, аймгийн цолтой, чансаа өндөр 103 мэргэн харваач, өсвөрийн 34 харваач оролцсоноос эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн төрөлд спортын мастер П.Отгонсүрэн, эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн төрөлд аймгийн гоц харваач Ч.Эрдэнэчимэг, өсвөрийн эрэгтэй харваачдаас Ц.Дүүрэнжаргал, эмэгтэй харваачдаас Монгол Улсын идэр мэргэн А.Цолмон-Эрдэнэ нар түрүүллээ. Шагайн харваанд улс, аймаг, сумын цолтой 23 багийн 184 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс багийн харвааны төрөлд Дорноговь аймгийн харъяат Монгол Улсын гарамгай мэргэн Н.Бат-Эрдэнэ ахлагчтай “МАК” баг 1-р байр эзэлсэн бол хурууны хувийн цуваа төрөлд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, Энержи Ресурс компанийн харваач Н.Түвшинбилэг түрүүлж, чавхны хувийн цуваа харваанд Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат, Монгол Улсын хүндэт харваач Б.Эрдэнээ нар тус тус түрүүлж, наадамчин олноо баясгасан юм. Наадмын үеэр тэрчлэн циркийн тоглолт, хүүхдийн дууны уралдаан, үдшийн шоу цэнгээн, амьд хөгжлийн тоглолтууд зохиогдож, нийт 100 гаруй уран бүтээлч хамрагдсан юм. Ийнхүү 12 дахь жилдээ уламжлал ёсоор зохион байгуулагдсан “Ухаа худаг 2022” наадмыг зорин ирж хурд, хүчээ сорьсон хүчит бөхчүүд, алдарт уяачид, эрхий мэргэн харваачид болон наадамчин олондоо дахин дахин талархал дэвшүүлье!